Элчин сайдаар томилогдсон Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа гэж хэн бэ


УИХ-ын өнөөдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн томилох, зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, 97 хувийн саналаар дэмжлээ.

Элчин сайдаар томилогдож байгаа Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй.

1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж, 2018 оны наймдугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

Элчин сайдаар томилогдож байгаа Т.Бадрал нь 1966 онд төрсөн, 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн. Мөн 2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.

2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна