Редакцийн сонголт

Ерөнхийлөгч “титэм” зүүж, МАН сонгуульгүйгээр эрх мэдлээ хадгалах уу

Корона дэлхийд цах тахал болсон шиг Монголд удахгүй улс төрийн тахал тараах бололтой.  Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гаргасан уриалгадаа УИХ-ын сонгуулийг хойшлуулж,  хямралд бэлтгэх КОМИСС-ыг яаралтай  байгуулахыг уриалсан нь олон нийтийн дунд коронагаас дутахгүй айдас болгоомжлол, талцлыг бий болгоод байна.  Улстөрч болон хуульчид ч үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлж зарим нэг нь Ерөнхийлөгчийг хямралыг далимдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх санаархал хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Харин үүний ард ганц Ерөнхийлөгчийн ч биш МАН-ын ашиг сонирхол ч бий. ҮАБЗ-д хамтдаа ордог Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд энэ удаагийн сонгуулийг хойшлуулах нь хэн хэнд нь ашигтай. Х.Баттулга хэдэн сарын “хаан” болж үзэх бол МАН дараагийн сонгууль болтол төр, засгийн эрх мэдлээ хадгалан үлдэх боломжтой болно.

Коронагийн эсрэг сайн ажиллаж байгаа МАН-ын Засгийн газарт ард түмэн  сайн үнэлгээ өгч байгаа. Гэвч энэ үнэлгээ МАН сонгуульд ялна гэсэн үг биш. Харин ч ард түмэн МАН-аас У.Хүрэлсүхээс өөр ажил хүсч, хүлээсээр байгаа. Шударга ёс, төрийн их цэвэрлэгээ, Эрдэнэтийн 49-ийн хувьчлалын хэрэг, авилгач шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ гээд МАН-ын даргын хийж дуусгаагүй олон ажлууд бий. Тиймээс УИХ-ын энэ удаагийн сонгуулийг дэлхийн цар тахал намжтал тодорхойгүй хугацаагаар хойшлуулах нь МАН-д илүү ашигтай юм. Тиймээс Ерөнхийлөгчийн гэнэтийн энэ уриалга бол Х.Баттулгын эх орон ард түмнээ бодсон эх оронч уриалга гэхээсээ МАН-тай У.Хүрэлсүхтэй хийсэн тохироо гэсэн дүгнэлтийг улс төрийн хүрээнийхэн хийж байна. Ямартай ч улс төрийн дараагийн нүүдлүүд хэрхэн өрнөхөөс энэхүү дүгнэлт үнэн эсэх нь тодорно.

Харин хуулийнхаа гаргалгаагаар бол Сонгуулийн тухай хуулийн 8.5-д зааснаар ээлжит сонгуулийг хойшлуулах, Онцгой комисс байгуулах эрх нь  УИХ-д бий.  Сонгуулийн тухай хуулийн 8.5-д “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан улсын  нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулна” гэж заасан. Тиймээс улс төрд өмнө нь өрнөж байсан Ерөнхийлөгчийн зээл тэглэх шинэ жилийн “бэлгийг” УИХ, Засгийн газар  хэрхэн шийдвэрлэсэн шиг сонгууль хойшлуулах Ерөнхийлөгчийн 6 зүйл бүхий уриалгаас МАН-ынхан авахыгаа авч, гээхийгээ гээгээд сонгуулийг цар тахал намжтал тодорхойгүй хугацаагаар хойшлуулах нь  лавтай.

Энэхүү асуудалтай холбоотой  хуулиийн зүйл заалтыг хүргэе. 

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 8.5-д “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан улсын  нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулна” гэж заажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close