Редакцийн сонголт

Шүүх: “Чингис хаан” банкинд ЭМД-ын мөнгийг байршуулахыг хориглолоо

  1. Банкиндаа байршуулж байсан ЭМД-ийн сангийн 30 тэрбум төгрөгийг хүүг багасгаж, өөрт ашигтай байдал үүсгэсэн гэх хэрэгт АТГ-аас шалгагдсан “Чингис хаан” банкинд холбогдох хахуулийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт /Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд…үйлдсэн бол/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгохоор ялын тогтоол үйлдсэн.

“Чингис хаан”-ны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ.

Банкны гол хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ын эзэн Д.Батаа 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд 31, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм.

Харин “Чингис хаан банк” ХХК-ийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхолын төлөө үйлдсэн бол/ зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банкинд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна.

Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор …хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, …албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг…” яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, “Чингисхаан” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр жил орчим АТГ-ын мөрдөн байцагчдын илрүүлэн шалгасан ЭМД-ын мөнгийг хүүлж, өөрт ашигтай байдал үүсгэж, хахууль өгсөн гэх хэргийг “Чингис хаан” банкныхан гэмт хэргээ өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрчээ.

ЭМД төлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт хэргийг үйлдсэн “Чингис хаан” банкны эзэд нь улс төрд нөлөө бүхий хүмүүстэй хамаатан садан, ураг төрлийн холбоотой улс төр бизнесийн сүлжээ үүсгэснийг хэвлэлүүд мэдээлсэн. Харамсалтай нь энэхүү хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд банкны эзэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тарааж, мэдээллийг нууцалж байсан баримт бий ч мөнгөтэй, улс төрд нөлөөтэй энэ банк энэхүү ЭМД-ийн 30 тэрбумыг хүүлж, хахууль өгсөн хэрэг нь торгуулын ялаар шийтгэгдээд өнгөрч буй бололтой.

Гэхдээ хэрэг хуучирдаггүй. Магадгүй энэ бол ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг байршуулан хүүлж, ашиг олж байгаа “Чингис хаан” банктай холбоотой гэмт үйлдлийнх нь эхлэл. Цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна. Тиймээс арилжааны банкуудын хууль бус үйлдэлд хяналт тавьж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах ёстой Монголбанкны Ажлын хэсгийнхэн “Чингис хаан” банктай холбоотой хууль бус байж болзошгүй хэд хэдэн үйлдлийг хэзээ хэрхэн ил гаргаж, хариуцлага тооцохыг хүлээж байя. Анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжих учиртай. Тиймээс “Чингис хаан” банкинд байшиж буй ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг яаралтай татан авч, улсыг, татвар төлөгч биднийг мөнгийг яаралтай эрсдэлгүй эргүүлэн авахыг хянаж байя. Мөн энэ банкинд байршиж буй ЗГ-ын тусгай сан ЖДҮ-ийн мөнгөний зарцуулалтад хяналт тавьж яаралтай шалгалт оруулахыг ХХААХҮЯ болон Сангийн яамнаас шаардах эрх нь бидэнд үлдлээ.

Холбоотой мэдээллийг дараах линкээс уншиж болно

Хэрэг нь прокурорт шилжсэн “Чингис хаан” банкинд ЭМД-ийн 30 тэрбум төгрөг байршиж байна

“Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч буюу Ерөнхий сайдын зөвлөхийн “баз” Д.Батаа гэж хэн бэ?

СЕЙФТЭЙ САЙДЫН ХАГАС ТЭРБУМЫН ХЭРЭГ ЯАГААД ТАГ БОЛСОН БЭ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close