УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар 2020 онд МАН-аас нэр дэвшихгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцохоор болжээ. Улмаар хоёр УИХ-ын гишүүныг ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлж, мөн намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. 

МАН-ын Хяналтын ерөнхий хороо дээрх хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close