М.Оюунчимэг: Монгол Улс бие даасан тусгаар улс шүү

Хүн амынх нь тал орчим хувь нь нийслэл хотдоо төвлөрч өвөлдөө утаанд зундаа хөрсний бохирдолд дарлуулсаар нийслэлчүүд олон жилийн нүүрийг үзэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 27.680 га нутаг дэвсгэрийн 21.823 га газрыг гэр хороолол эзэлж байна. Гэр хороололд Улаанбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186.000 гаруй өрх амьдарч байна гэсэн судалгаа бий.  Хотын агаар, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон гэр хорооллыг дэд бүтцэд холбогдсон тохилог орон сууцны хороолол болгон өөрчилж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангасан шинэ Улаанбаатар хотыг цогцлооно хэмээн улстөрчид ярьдаг ч энэ нь бүрэн утгаараа хэрэгжиж чаддаггүй.

Тэгвэл энэхүү ажлыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өөрийн сонгогдсон тойргийн нэг хэсэг болох долоодугаар хороонд хэрэгжүүлж тухайн газрын оршин суугчид өнгөрсөн өвлийг өнтэй давжээ. Хэрвээ МАН-ынхан УИХ-д 64-уулаа буюу олуулаа болсон энэ үед Гэр хороололыг орон сууцжуулах бүрэн боломж бололцоо бий гэдгийг М.Оюунчимэг гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаан дээр нэлээн жин дарсан үг хэлсэн юм.

2019 онд арилжааны банкууд ипотекийн зээл гаргаагүй

М.Оюунчимэг “Гэр хороололыг орон сууцжуулах зорилт тавьж ажиллах хэрэгтэй байна. Гэр хорооллыг дахин төлөвлөхөд инженерийн шугам, сүлжээнд нэг ч төгрөг тусгагдсан зүйл алга. Мөн ипотекийн зээлэнд 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг санал болгож оруулсан гэж гишүүдэд яриад байгаа. 60 тэрбум л орсон байна.
Бид агаарын бохирдлоос салая, Гэр хороололоо дахин төлөвлөе гэж ярилцаад байгаа. Тиймээс гаднаас орж ирэх, БНСУ-аас орж ирэх мөнгийг гэр хорооллыг барилгажуулах, хашаанд нь хаус барьж амьдрахад зарцуулөя гэж 76 гишүүн ярьж байсан. Ипотекийн зээлэнд зориулж Монгол банканд зургаан тэрбумын хөрөнгө гаргана гээд тогтоол гаргачихаад байхад Сангийн яам, Монгол банк үүнийг хэрэгжүүлэхгүй ОУВС-аас айгаад байна гэж яриад байж болохгүй. Монгол Улс чинь бүхэл бүтэн бие даасан тусгаар улс биз дээ. Тиймээс ипотекийн зээлэнд бодит төсөв мөнгийг нь тусгаж өгөх хэрэгтэй байна. Энд холбогдох албаны бүх хүмүүс байна шүү дээ.
Хүчдэл гэхэд айлуудын дунд жижиг, жижиг дэд станцуудыг бий болгох хэрэгтэй байна. Ингэж байж гэр хороололыг утаанаас нь, нүхэн жорлонгоос нь салгана.
Энэ ажлын эхлэл болгож Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд эхэлсэний хүчинд 287 айл хашаандаа дулаахан байшинтай, утаагүй өвөлжсөн. Гэвч 2020 оны үндсэн чиглэлд энэ талаарх төсөв алга байна шүү дээ. Нийслэлийн нэг номерийн асуудал болоод байгаа энэ ажлыг бодитоор нь хийвэл утаанаас салж болно. Тиймээс газар чөлөөлөх болон ипотекийн хөрөнгө оруулалт маш чухал байна. 2019 онд арижааны банкууд ипотекийн зээл гаргаагүй” гэв.

Гэр хороололын дахин төлөвлөлт зогссон байгаа

Ингээд үүний дараа БХБЯ-ны сайд, УИХ-ын Х.Баделхан М.Оюунчимэг гишүүний хэлсэн үгийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “М.Оюунчимэг гишүүн яг амьдралын асуудал ярьж байна. Өнөөдөр гэр хороололын инженерийн дэд бүтэцгүйгээс болоод гэр хороололын дахин төлөвлөлт үндсэндээ зогссон байгаа. Энэ асуудлыг үндсэн чиглэлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. БХБЯ-аас 100 км газарт 85 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн санал өгсөн.Ипотекийн зээл ОУВС-тай холбоотойгоор ирэх жилээс Засгийн газарт шилжихээр яригдаж байна. Өнгөрсөн хоёр жилд 115-120 тэрбум төгрөг ипотекийн зээлэнд тусгасан бол ирэх жил 60 тэрбумыг тусгахаар болсон байна. Арай дэндүү байгаа юм биш үү. Энэ асуудлуудыг яг тодорхой үндсэн чиглэлдээ тусгах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Ямартай ч гэр хороололын иргэдийг ногоон байгууламж бүхий тохилог орон сууцанд амьдруулж байж утаанаас, хөрсний бохирдлоос, нүхэн жорлонгоос сална хэмээсэн нь дээрх ажил хэрэгжих боломжтой гэдэг нь харагдлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close