БИЧЛЭГ: “Найрамдал”-ыг усанд шивүүлсний хариуцлагыг хэн хүлээх вэ Ш.Одончимэг дарга аа!


Хүүхэд шуугисан их өргөөнд  хүүхэд бус бороо шаагиж байна. Борооны ус нь өрөөнөөс өрөө дамжин урсаж, хана таазыг нь чийгтүүлж, хаа холоос ирж амрахаар ирсэн хүүхдүүдийнхээ тухыг алдагдуулж байна. Монгол улсад ганцхан байдаг Олон улсын  гэх тодотголтой Найрамдал цогцолборын энэ зуны дүр төрх нь энэ. Төрийн байгууллагын ажлыг хайнгадуулж, халаас тэмтэрсний гор гэж энэ байх.

Монголын номер нэг гэгдэх энэ зуслан ХНХЯ-д харьяалагддаг. Энэ яамыг хэн толгойлно түүний "халаасны хүн" энэ зуслангийн даргаар томилогддог нь бараг бичигдээгүй хууль болчихсон зүйл. Өнөөгийн дарга Ш.Одончимэг оны өмнө томилогдсон. Өөрөөр хэлбэл сайд асан С.Чинзоригийн хүн гэлцдэг. Харамсалтай нь тэрбээр хариуцаж авсан зуслангийнхаа дээврийнх нь асуудлыг ч шийдэж чадсангүй. 

Найрамдал цогцолборын өвлийн байр буюу хүүхэд багачуудын нэрлэж заншсанаар хөлөг цагаан байр энэ зун борооны усанд “шивжээ”. Угаас дээвэргүй болсон барилгын дээрээс борооны ус хувин хувингаар асгах нь яалтай.

Тус цогцолборын Ш.Одончимэг захиралтай удирдлагууд дээврийн засварын ажлаа тендер огт зарлалгүйгээр “Би бино” ХХК-иар 50 сая төгрөгөөр хийлгүүлэхээр тохироо хийжээ. Уг нь 10-аас дээш сая төгрөгийн худалдан авалт, гэрээнд заавал тендер зарлах ёстой. Гэтэл хууль зөрчиж “Би бино” ХХК-аар ажлаа эхлүүлж, энэ оны гуравдугаар сард дээврийг нь хуулжээ.

Төрийн байгууллагын ажил хууль журмын дагуу явагдах ёстой тул төд удалгүй тендер зарлагдаж. Гэтэл тус барилгын дээврийг нь хуулж, засах ажлаа аль хэдийн эхлүүлээд байсан  “Би бино” ХХК татварын өртэй болох нь үнэлгээний явцад илэрчээ. Улмаар уг тендерийг хүчингүй болгож, 4-р сарын 20-нд дахин тендер зарлатал “Би бино” ХХК нь үнийн саналаар ялагдаж, “Зөв тэнхлэг” ХХК шалгарсан байна. Гэвч дээрх тендер мөн л хүчингүй болжээ. Өөрөөр хэлбэл  бантангаар эхлүүлсэн ажил нь балагтайгаар дуусч, дээврээ ч  зассан юмгүй зунтай золгож, горыг нь амрагч хүүхдүүд амссан нь энэ.

Цар тахлаас улбаалж зуслангийн үйл ажиллагааг хэсэг зогсоосон. Тэр хугацаанд дээврээр хэр их ус гоожсоныг таах аргагүй ч хүүхдүүдээ хүлээж авсны дараах дүр зураг нь ийм “эмгэнэлтэй” байна.

Аливаа албан байгууллагыг удирдаж буй албан тушаалтан наанадаж байгууллагатай холбоотой хуулиа мэддэг байх нь ёс зүй. Гэтэл 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй аливаа худалдан авалтыг заавал тендер зарлаж шалгаруулдгийг мэдсэнгүй юу эсвэл “Сайдын хүн” гэсэндээ бардав уу.  Бүр эсвэл тендергүйгээр найр тавьсан "Би бино" гэх компанитай холбоотой байв уу.

Ямартай ч Монгол улсын хүүхдийн байгууллагын нүүр царай болсон Олон улсын Найрамдал цогцолборын хамгийн үнэтэй байрыг усанд автуулж, үнэгүйдүүлсний хариуцлагыг хэн нэгэн үүрэх нь лавтай. 

Учир нь Олон улсын “Найрамдал” төв 1978 онд Оросуудын тусламжаар баригдсан. Өнөө 42 дахь жилтэйгээ золгож буй энэ байр мэргэжлийн байгууллагуудын хэллэгээр насжилт өндөртэй. Хэрэв ийм барилгыг усанд автуулж, чийг авахуулбал  нурах ч аюул үүсч мэднэ. Тэгэхээр хөлөг цагаан байрыг хэн нурах эрсдэлд оруулав гэдэг цаанаа ноцтой асуудал юм.

Бид удахгүй тус барилгын дээврийг хэзээ, хэний тушаалаар хуулсан, яагаад тендер зарлалгүйгээр татварын өртэй байгууллагаар хийлгүүлсэн, үүнийг хариуцсан албан тушаалтан нь хэн бэ гэх асуудлуудыг тодруулан хүргэх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна