COVID19-Хөл хориог хавтгайруулсан нь эдийн засагт маш их хохирол учруулж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна

COVID19-Хөл хориог хавтгайруулсан нь эдийн засагт маш их хохирол учруулж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна

БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн COVID19 халдвар тархсаар дэлхийн 213 улс оронд тархаж, 2,5 сая орчим хүн халдвар аваад байна.

Энэ цар тахал эрүүл мэндэд хохироогоод  зогсохгүй  эдийн засгийн хүндрэл учруулж, дэлхийн олон оронд эдийн засгаа аврах ажлыг эс дараатай хийсээр байна.

Монгол Улсын Засгийн газар дараах арга хэмжээг авч эхэлсэн.

– НДШ, татвар төлөөгүйн улмаас ноогдуулдаг торгууль, алдангиас аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх,

– 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдийг ААНОАТ-аас түр чөлөөлөх,

– 500,0 сая төгрөг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх,

– ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн батлан даалтын дээд хэмжээг бууруулах,

– Борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох,

– Ажилтан, ажил олгогчийн төлөх НДШ, ажилтнуудын төлөх ХАОАТ-ыг цалингаас суутгахыг түр зогсоох

Энэ арга хэмжээ нь хэр үр дүнтэй байгаа, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцэж байгаа эсэх, тэдэнд ямар асуудлыг хэрхэн шийдвэл үр дүнтэй байгаа талаар Улаанбаатар хотын худалдааны танхимаас судалгаа хийлээ.

Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их тулгамддаг асуудал гэж олон жил ярьж байгаа ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөнгөлж төрөөс даах болсон, 500,0 сая хүртэл үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх гэсэн хоёр шийдвэр хамгийн их эерэг нөлөө үзүүлэхээр байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ 2 шийдвэрийг өөрсдийнх нь бизнест маш сайн дэмжлэг болж чадна гэж үзсэн аж ахуйн нэгж нийт оролцогсдын 50,4% – 55,3%-ийг тус тус эзэлж байна.

Маш сайнаар нөлөөлнө гэж үзсэн дараагийн шийдвэрүүд ААНОАТ, НДШ төлөөгүй алданги, торгуулиас чөлөөлөх, ААНОАТ-аас 6 сарын турш чөлөөлөх шийдвэрүүд болсон байна.

Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүдээс аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадахгүй гэж хамгийн олон хариулт авсан шийдвэр нь ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох (37,3% нь ажил олгогчид дэмжлэг болж чадахгүй гэж хариулсан), түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ноогдох татварыг хөнгөлөх шийдвэр (32%) тус тус байлаа.

Ямар арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй байгаа талаар дараах саналыг өгч байна.

 – Хувийн хэвшлийнхэнд татаас, шууд мөнгөн дэмжлэг олгох

– Жилийн 3 хувийн хүүтэй эсвэл хүүгүй, барьцаагүй зээл олгох

– Төрөл бүрийн хяналт, шалгалтын дарамтыг багасгах, захиргааны аргаар нэмж саад болохгүй байх

– Бүх үйл ажиллагааг хавтгайруулан хааж, зогсоохыг болиулах

– Дулаан, цахилгааны төлбөрөөс түр чөлөөлөх

– НӨАТ-аас нэг удаа бүрэн чөлөөлөх, төрөл бүрийн татварыг багасгах

– Тендерийг ил тод болгох, гүйцэтгэгч нь урьдчилж сонгогдсон тендер зарлахаа болих, аж ахуйн нэгжүүдэд шууд ажил шаардлагатай байна гэж онцолжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close