Гадаа тоглож байгаа хүүхдүүдэд болон ээж нарт малгай, маск, бээлий оёж бэлэглэжээ

Өөрийн хийж чадах зүйлээрээ бусдад туслана гэдэг хүний хамгийн эрхэм чанарыг нийгэмд, нийтэд харуулсан Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн Д.Наранцэцэг  өөрийн оёсон “маск, малгай, бээл”-ний хослолоо байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүдэд бэлэглэжээ.

Цар тахлаас зээ нараа яаж хамгаалах вэ гэсэн сэтгэлээр оёсон тус бүтээлийн тухай сонирхуулахад анхны захиалагчид нь байрны гадаа хүүхдүүдээ салхилуулдаг ээж нар байсан гэнэ.

Ижил өнгийн малгай, бээлий, маск зүүсэн хүүхдүүд яах ч аргагүй нүдэнд тусаж эмээгээс хаанаас авсан, хэн оёсныг асуух болжээ. Улмаар эмээ нь хүүхдүүдэдээ зориулж оёсныг нь мэдээд хослол оёж өгөхийг ээжүүд хүсэх болсон байна.

Д.Наранцэцэг дээрх захиалгуудыг Хонхойдой Бойтог Нэхий Бойтог page хуудсан дээр тавьснаар ээжүүдийн талархлыг хүлээх болжээ.

Дэлхий нийтийг цочроогоод байгаа аюулт өвчин дэгдэж байгаа энэ үед нялх балчируудаа хамгаалахад өөрийн “бяцхан” хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна хэмээн инээмсэглэн суух Д.Наранцэцэг үслэг эдлэлийн оёдолчин мэргэжилтэй аж.

Бяцхан үрсийн эрүүл, мэнд аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас шинжилгээний бичиг хүртэл авчээ.

Ийнхүү тэрээр ээжүүдийн захиалгыг биелүүлэхээс гадна байрныхаа гадаа маскгүй тоглож байгаа хүүхдүүдэд өөрийнхөө хийсэн хослолыг бэлэглэж бяцхан иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан ГОЁ мэдээг энэ удаад хуваалцлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close