Хэн нь ХОТЫН ДАРГА болох вэ


Монголын улстөрд гарч буй шинэ соёл УИХ-ын сонгуульд МАН-ыг ялалтад хүргэсэн гээд хэлчихэд нэг их зөрөхгүй болов уу. Учир нь тус намынхан сонгуулийн өмнө хэрвээ МАН олонх болсон тохиолдолд Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилохоо зарласан. Энэ “нүүдэл” нь сонгуулийн үр дүнд багагүй нөлөөлсөн юм. Сар гаруйн дараа орон нутгийн сонгууль болно. Бага парламент гэгддэг нийслэлд өрсөлдөөн ширүүн өрнөх нь дамжиггүй. Тиймдээ ч улстөрийн намууд “шинэ” тактикаар үзэхээр Хотын даргаа зарлаж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн Үндэсний Нам НИТХ-д олонхи болсон тохиолдолд “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, ХҮН-ын Нийслэлийн Хорооны дарга Р.Наранбаярыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулахаа албан ёсоор зарлаад байна. Харин АН болон МАН хотын даргаа зарлаагүй байгаа ч албан бусаар тодорчээ.

Зарим мэдээллийн сайтууд Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд ялбал Н.Энхбаяр, С.Эрдэнэ нарыг Нийслэлийн Засаг дарга болгоно гэх мэдээллийг түгээсэн. С.Эрдэнэ улстөрийн рейтингээрээ нэлээд доогуур бичигддэг. Тэгээд ч АН-ынхан нэг хүний ноёрхлоос салж ядаж байгаа энэ үед С.Эрдэнэд ийм “шагнал” өгөхгүй нь мэдээж. Н.Энхбаярын хувьд АН-аас Хотын дарга болох боломж нь хуулиараа хаалттай. Учир нь МАХН болон АН-ын хувьд орон нутгийн сонгуульд эвсэж орвол ийм боломж нээгдэж мэдэх. Харин дээрх намууд сонгуульд тус тусдаа оролцохоор бүртгүүлсэн учир энэ бол худал мэдээлэл юм.

Харин Ардчилсан намаас Хотын даргад нэр дэвшүүлэх хүнээр Ц.Оюунгэрэлийг зарлаж магадгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна. УИХ-ын сонгуулийн маргааш АН-ынхан намын даргад нэр дэвшихээ зарласан түүний хувьд нам дотроо нэр цэвэр, хийсэн үйлтэй хэлэх үгтэй нэгэн гэгддэг.

МАН-аас түүнтэй хэн "өрсөлдөх" бол гэх сонирхолтой асуултад одоо хариулъя. Цахимд МАН-аас зарлах Хотын даргаар Д.Амарбаясгалан хэмээж буй. Гэвч түүний хувьд УИХ-ын сонгуулийн дараа ямар нэгэн албан тушаалд очихгүй гэдгээ зарлачихсан. Тиймээс МАН нийслэлийн Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг дараагийн Хотын даргаар зарлана гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Д.Сумьяабазарын хувьд ч ийм стандарт бус тоглолт хийхийг зөвшөөрсөн гэх. Хэрэв энэ тохиолдолд МАН нийслэлд олонх болбол УИХ-ын гишүүний ор гарч, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явагдахад хүрэх юм.

Бусад намуудын хувьд албан бус Хотын дарга нарын таамаглал хөвөрч байгаа хэдий ч МАН болон АН-ын дэлгэх хөзрийг хүлээсэн байдалтай байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна