Редакцийн сонголт

ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА НЭР ДЭВШИГЧИД ХЭН НЬ ХЭН БЭ?

Намын нэрээр төрийн өндөр албан тушаалд ажилласан олон хүн АН-д бий. Тэдний ихэнх нь ямар нэг байдлаар авилга албан тушаалын том, жижиг гэмт хэрэгт нэр холбогдож намынхаа нэрийг “баасдаж” АН-аа алдаг байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг улс орноо худалдсан, хэдэн сая доллараар хэмжигдэх авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байсангүй. Тэртусмаа хэдэн жилийн турш үргэлжилж байгаа ийм том хэргүүдэд яллагдагчаар татагдан, шүүхийн шийдвэрээ хүлээж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлж байсан тохиолдол өмнө нь АН-д ч, өөр бусад намуудад ч гарч байгаагүй. Тиймээс улстөржүүлэхээсээ ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байгаа нэр дэвшигчид хэн хэн байгааг сонгогч мэдэх эрхтэй билээ.

БГД-т нэр дэвшигч С.Эрдэнэ – АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭН

АН-ын төв байрыг Эрдэнэ вангийн өргөө хэмээн нэрлэсэн нь санаандгүй юм биш. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө энэ өргөө баригдаж дууссаны дараахан сэтгүүлч агсан Лунтангийн Болормаа энэ барилгыг С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон” барих нэрээр газрыг нь авч, хувьдаа завшиж буйг нь анх гаргаж тавьж байсан билээ. Төд удалгүй зуурдаар нас барсан сэтгүүлч Л.Болормаагийн үхлийг зарим хэвлэлээр энэ Ордны асуудлыг хөндсөнтэй холбон хардаж байсан. Гэвч тэгсгээд хэрэг нь хаагдсан байдаг. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН-аас төрийн өндөр албан тушаалд хэдэнтээ томилогдон ажилласан С.Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхаасаа даатгалын сангийн мөнгийг зориулалтын бусаар эргэлдүүлдэг хэрэгт шалгагдаж байсан. НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Уртнасан тэргүүтэй хүмүүсийг хэдэн сарын өмнө АТГ баривчлан шалгаж эхэлсэн. Удахгүй прокурорт шилжих гэж байгаа энэ хэрэгт С.Эрдэнийг ч мөн шалгаж буй. Үүнээс гадна тэрбээр мөн л НХХ-ийн сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэхэд бэлэн болж байгаа.

Хэнтийд нэр дэвшигч Э.Бат-Үүл – АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг ЧД-гийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралд нь тодорхойгүй шалтгаанаар хавраас хойш хойшлогдсоор байгаа.

Сэлэнгэд нэр дэвшигч С.Баярцогт – ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ЯЛЛАГДАГЧ

ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна.

Сэлэнгэд нэр дэвшигч Д.Эрдэнэбат- “ЭРДЭНЭТ 49” ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧ


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутган шалгасан. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг нэлээд хугацаанд шалгасны эцэст түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон хэдхэн хоногийн өмнө энэ хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Хөвсгөлд нэр дэвшигч Да.Ганболд – ОЮУТОЛГОЙГ ХУДАЛДСАН ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ЯЛЛАГДАГЧ


“Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал байхад Дубайн гэрээг байгуулахад оролцож гарын үсгээ зурсан хүний нэг. Эх орны эрх ашигт нийцээгүй ийм гэрээ байгуулсныхаа төлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс эрүүгийн хэрэгт шалгагдаж яллагдагчаар татагдсан. Эхнээсээ М.Энхсайхан шүүхээс ял авсан. Харин удахгүй Да.Ганболд нарын хүмүүсийн холбогдсон шүүх хурал болно. “Монгол улсад 176 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээд” хэмээн цоллож байсан удаатай. Нийтлэлч Баабарын бичсэнээс энэ гэрээ Монгол улсад 176 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.

Дарханд нэр дэвшигч Б.Бямбасайхан – АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭН


“Оюутолгойн” гэрээг Дубайд өөрчлөн Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулсан үндэслэлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нарын хамт шалгагдаж байгаа.
Энэ хэрэгтэй холбогдуулан тоомсорлон “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдаж байсан.

СХД-т нэр дэвшигч Кюкшүзан Батбаяр – 32 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГТЭН

БНХАУ-ын “Евроази интернэшнл интестмэнт групп”-ээс төсөл хамтран хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө авч 32.7 тэрбум төгрөгийг залилан мэхэлсэн байж бозлошгүй үндэслэл тогтоогдсон тул ЭЦГ-т шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн Дархан цаазат Богдхан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газрыг аялал жуучлалын чиглэлээр авсан ч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр орон сууцны хороолол барьж буй асуудалд нь мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

СХД-т нэр дэвшигч О.МАГНАЙ- ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГТЭН

Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байна.

Архангайд нэр дэвшигч “фортуна”Н.Батбаяр – АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭН

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа :

Чингис бонд- 1.5 тэрбум $
Самурай бонд- 600 сая $
Кредит Свисс банкнаас 300 сая ам доллар
БНХАУ-ын хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын ЗЭЭЛИЙГ тус тус авсан байдаг. Нийт 2.5 тэрбум $ буюу МОНГОЛ улсын жилийн төсвийг
2-хон жилд зээлсэн. Бондуудын өрийг 2017 оноос төлж эхэлсэн

Шалгагдаж байгаа хэргүүд:

“Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн үндэслэлээр 2014 онд шалгагдаж эхэлсэн. ЭХ-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264.2, 150.3-т зааснар шалгаж байсан.
Гэвч 2004 оноос хойш өөрийнх нь туслахаар ажиллаж байсан, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нь зарим хэргийг нь үүрэн шүүхээр яллагдан хоригдож байгаа.

Халзанбүргэдэй- Солонготын даваа чиглэлийн замын ажлыг гүйцэтгэж байсан УИХ-ын гишүүн Гарамгайбаатарын компанид сайдын албан тушаалаа ашиглан ЗГ-ыг хуурч мэхлэн 46.3 тэрбум төгрөгийг нэмж өгсөн.

Замын Үүдийн хилийн боомтын ачаа шалган нэвтрүүлэх цогцолборт тавих 8.7 км хатуу хучилттай замын ТЭЗҮ-гээр 20 тэрбум төгрөгөөр хийх боломжтой байтал БНХАУ-ын компанид 13 тэрбум төгрөг нэмж батлуулан санхүүжүүлсэн

Баянхонгорт нэр дэвшигч А.Адьяасүрэн- АВИЛГЫН ХЭРЭГТЭН

“Номгон санчир” авто сургуулийг үүсгэн байгуулагч. Одоо өргөжин тэлж нүүрсний тээвэрлэлт хийдэг. Нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл авахын тулд төрийн албан хаагчид 100 сая төгрөгийн авилга өгсөн хэрэгт АТГ-т шалгагдаж байгаа. Хэрэг нь удахгүй шүүхэд шилжинэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаараа хууль хяналтынханд нөлөөлж байгаа гэсэн хардлага байдаг.

Баянхонгорт нэр дэвшигч Д.Ганбат – ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС АВСАН НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “БИТОНЫ” ХЭРЭГТЭН

УИХ-ын гишүүн байхдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Г.Баярсайханаар дэмжүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1 тэрбум төгрөгийн төсөл авсан. Гэвч энэ төслөө зориулалт бусаар ашиглан хувийнхаа “Техник импорт” ХХК-иар дамжуулан ОХУ-аас битон оруулж ирэн тойргийнхондоо тараасан хэрэгт холбогдсон. Та бүхэн санаж байгаа бол битон тарааж байгаа зураг нь цахим орчинд тарж байсан билээ.

Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ – 380 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТЭН

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой компанийн 46 хувийг “Ажнай” Бат-Эрдэнэ эзэмшдэг. Нүүрсээр хөрөнгөжиж, баяжсан Монголын анхны тэрбумтнуудын нэг. Гэвч хүний шунал барагддаггүйг баталж, хажуудах ЭТТ компанийн лицензит талбайгаас 370 орчим мянган тонн буюу 20 гаруй сая долларын нүүрс хулгайлсан хэрэгт орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн захирал асан Р.Сэддорж, “Тавантолгой транс” компанийн захирал Давгадорж нарын хамт 2017 оноос хойш шалгагдаж байгаа. АТГ хэргийг шалгаад яллах саналтайгааро прокурорт шилжүүлээд байгаа



ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close