Сар гаруйн дараа болох орон нутгийн сонгуулийн гараа нэлээд ширүүхэн эхэлж байна. Эрх баригч МАН-ын эсрэг АН, МАХН, ШИНЭ намууд хамтарч оролцож байгаа бол УИХ-д суудалтай ХҮН дангаар оролцохоор нэр дэвшигчидээ тодруулжээ.
Нэр дэвшигчдийн дунд улстөрчид, УИХ-ын гишүүдийн “цүнх баригчид” цөөнгүй байгаа бол улстөрчдийн өв залгамжлагчид ч бас байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БЗД-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Тус намын хувьд МАХН болон ШИНЭ-ийн нэр дэвшигчид өрсөлдөж байгаа тойрогт гишүүдээ өрсөлдүүлэхгүй байх тохироотойгоор энэ удаагийн сонгуульд орж буй. Тэгвэл Э.Эрдэнийн хувьд АН-аасаа нэр дэвших эрхээ авчээ. Тэрбээр дүүрэгтээ буюу БЗД-тээ нэр дэвшихээр болсон байна.
Тус намаас бас нэгэн “шинэ дүр” нэр дэвшиж байгаа нь Л.Болдхуягийн Билэгт. Аавынх нь ах Лу.Болд хоёр жилийн өмнө олон удаа УИХ-ын гишүүн, сайдын суудалд суулгаж байсан АН-аасаа гарч, Ж.Батзандантай хамт ШИНЭ байгуулсан. Гэвч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэрбээр сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй.
Тэгвэл М.Билэгт гэр бүлээ төлөөлөн улстөрд үзэхээр шийдсэн бололтой. АН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөөр болсон байна.
Түүнчлэн МАХН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар мөн л энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатайгаа хамт УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон дүүрэгтээ буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна. Э.Батшугарын хувьд саяхан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон гэх мэдээлэл гарсан ч түүнийг өөрөө үгүйсгэсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна