УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Н.Амарзаяагийн амыг тансаг зэрэглэлийн байраар тагласан уу


Өмнөговь аймгийн нутагт орших Тост, Тосон Бумбын нурууг Б.Чойжилсүрэн нарын компани ухаад эхэлсэн тухай мэдээлэл гарч, эрхэм түшээд ч өөрөө үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин дархан цаазат газрыг нь “ангийн анд” нь хайр найргүй сэндийчиж, баялагыг нь цөлмөхөөр улайрч суухад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ус балгасан мэт таг дуугүй байгаад өмнийн говийнхон ихээхэн сэтгэл дундуур байгаа. Нөгөөх сонгуулиар шоудаад байсан "сайхан ам" хаачив гээд л чигтэйхэн хилэнтэй байна билээ.

Гэвч юм учиртай байж. Тус аймгаас сонгогдсон гишүүдийн нэг болох Л.Энхболд ЖДҮ-гээс авсан зээлээсээ болж суудал дээрээ ганхаж буй.  УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ч хусуулж мэдэх хэмжээний асуудалд орж, АТГ-ынхан хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хэрэгт толгойгоо гашилгаад юун өмнө говийн тосон бумба. Харин Н.Амарзаяа буюу бохь гишүүн маань нутаг орноо гэсэн үнэнч сэтгэлээ  Б.Чойжилсүрэн гишүүнд атгуулчихсан бололтой.

Чойжоо гишүүний хамаарал бүхий Хурд компанийн барьсан байранд бохь гишүүн маань үнэгүй шахам орчихоод байгаа нь анхаарал татаж эхэллээ.

Н.Амарзаяа нь УИХ-ын 2016 оны сонгуулиар Өмнөговь аймгаас сонгогдсон. Түүний хувьд аймагтаа оршин суудаг байсан учир байр орон сууцны дэмжлэгийг парламент үзүүлжээ. Хуулиараа нэг удаа 50 хүртэл сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт бий. Тэгтэл Н.Амарзаяа гишүүн УИХ-аас өгсөн 50 сая төгрөгөөрөө нийслэлдээ нэлээдгүй өндөр зэрэглэлд тооцогдох "Хурд" группын "Хүннү" хороололд байр авч тухалжээ. Энэ хорооллын байр хамгийн багадаа 300 сая төгрөг. Нэг үгээр УИХ-аас Н.Амарзаяа гишүүнд УИХ-аас өгсөн 50 сая төгрөг энэ байрны 30 хувьд нь ч хүрэхгүй.

Тэгэхээр Өмнөговь аймгийн  Тост, Тосон Бумбын нурууг ухаж буй Б.Чойжилсүрэн алсыг харж, Н.Амарзаяа гишүүнийг эртнээс урхидаж, байраар нь амыг нь тагласан байх магадлал өндөр байна. Тэрнээс дэлхий дахинд дархан цаазад газар хэмээн тэмдэглүүлсэн онцгой бүсийг нь онгойтол нь ухчихаад байхад дуугүй суух УИХ –ын гишүүн байх уу даа. Ямар ч  тэнэг улстөрч сонгууль дөхөж байгаа энэ цаг үед ганц ч гэсэн “поп” үг гацчихсан рейтингийг суга өргөнө гэдгийг тооцоолдог л байхгүй юу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна