Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй охины хэрэгт анхаарахыг үүрэгджээ


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан дүгнэлтээр охин удаан хугацаанд удаа дараагийн хүчирхийллийн золиос болсон байсан нь тогтоогдсон.

 Тиймээс тухайн хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хамтарсан багууд тухайн охинд хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдгийг шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг ч бас цаашид уялдуулах шаардлага байна.

Тодруулбал, торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан гэж байдаг.  Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна.

Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна