Н.Наранбаатар: Өнөөгийн Монголын нийгмийн өнгийг 150 жилийн өмнө Л.Толстой дүрслэсэн нь “Анна Каренина”


Эхлэл... Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний буудалд Вронский хэмээх залуухан офицертэй учирна. Бүсгүй хүн гэгч чухамдаа нэгэн хэвийн амьдралдаа дасан зохицож, ийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэх ойлголттой явсан Аннагийн энэ учрал, тэрний дараагаар угтах бүх уулзалтууд өөрийгөө цоо шинээр харах, улмаар тайлахын аргагүй хэрнээ нууцлаг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэдгийг хэн санах билээ... Тэр хэдийгээр “Хойт нас гэж байдаг бол хожим намайг таниарай, хожмын учралд гуниглаж хоёул ахиж зовохгүй” хэмээн хэдэнтээ хашгирсан ч...

Лев Толстойн “Анна Каренина” романыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулахад бэлэн болжээ. Театрын уран бүтээлчид өнөөдөр  “Анна Каренина” жүжгээ сэтгүүлчдэд зориулан тоглож, үргэлжлүүлэн хэвлэлийн бага хурал хийлээ.  Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой “Анна Каренина” романыг  1873-1877 онд бичиж 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн  билээ.  “Анна Каренина” зохиол дэлхийн олон оронд орчуулагдаж сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм.

Уг зохиолд гол баатар  Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн  дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлэх бөгөөд Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол  хөтлөх шугам болно.

Энэ үеэр  Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Анна Каренина” хэмээх жүжгийнхээ талаар юу хэлснийг товчлон хүргэж байна.

  • - “Анна Каренина” роман бол нас насны хүмүүст өөр өөрөөр бодол ухаарал өгдөг шидэт роман. 10 дугаар ангийн хүүхэд уншихад нэг өөр. 20,30 цаашлаад 40 насныхан уншихад бас л өөр өөр “юм” бодогдуулдаг. Өөрөөр хэлбэл энэ роман бол тэр чигтээ амьдралын философи.
  • - Романы үйл явдал хэдийгээр 19 дүгээр зууны сүүл үеийн амьдралыг харуулдаг ч тэр үеийн нийгмийн араншин, өнөөгийн манай нийгмийн араншин хоёр давхцдаг.
  • - Анна бол алдартай дуучин, жүжигчин биш. Нийгмийн зүтгэлтэн биш. Тэр бол энгийн нэгэн бүсгүй. Жирийн нэгэн бүсгүйн амьдрал ер нь хэнд хамаатай юм бэ, хувь хүний л асуудал шүү дээ. Гэтэл түүний амьдралыг нийгэм даяараа шүүж, асуудал болгож, өнөөгийн Facebook-ийн яриагаар бол сэвсээр байгаад тэр бүсгүйг амиа хорлох нөхцөлд хүргэдэг.
  • - Энэ нь хүний амьдрал руу, хөгжил рүү нь бүү өнгөлз. Хов жив бүү хөөцөлд. Урдах амьдралаа л хичээ. Ажил хий, хөдөлмөрлө, бүтээлч бай гэсэн утга энэ зохиолын цаана агуулагддаг.
  • - Манай нийгэм парадокс шинжиндээ орчихсон. Үүнийг Л.Толстой магадгүй 150 жилийн өмнө харсан юм уу эсвэл хувь зохиолоор давхцаад байгаа ч юмуу. Бүү мэд.
  • - Анна Кареннаг дэлхийн улс орнууд тавьж, академик шинж чанараа бататгадаг. Үүний цаана уран бүтээлчдийн ур чадвар нэмэгдэж, мэдлэг оюун үргэлж дээшилж байдаг.
  • - Анна Кареннаг үзэгчдэд хүргэх бас нэг шалтгаан нь үзэгчдийн оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэх. Бид хэдийгээр тусгаар тогтносон улс ч оюуны тусгаар тогтнол алдагдаж байна.
  • - Л.Толстой “Хүн бүхэн орчлон ертөнцийг өөрчлөх тухай боддог хэрнээ өөрийгөө өөрчлөх тухай яагаад боддоггүй юм бол” гэж асуулт тавьсан байдаг юм. Энэ бол жүжгийн маань гол түлхүүр үг.
  • - Анна бол энэ зохиолын хамгийн шударга бүсгүй. Тэр хүний нууц амраг болж яваагүй ч нөхөртөө өөр хүнд хайртай болсон, түүнээсээ хүүхэдтэй болсоноо хэлэх хэлэхийн аргагүй том зовлонг ганцаараа туулж, хайр сэтгэлийнхээ төлөө дуугарч чадсан эмэгтэй.
  • - Анна Каренина бол үйлийн үрийн тухай жүжиг юм.
  • - Амьдрал гэдэг бол хүссэн бүхнээ биелүүлэх диваажин биш. Тиймээс өгөгдсөн хязгаараас бүү дав. Аливаа юм бүхэн хязгаартай.
  • - Бурхан багш хэлсэн байдаг. Амьдрал бол тэр чигтээ зовлон. Инээмсэглэл ирж буй агшин бүр минь аз жаргал гэж.
  • - Хүний амьдралын процесс нь  туршлага, өгүүлэмж болдог. Тэгвэл туршлагатай хүн нь амьдрал туулах гэж байгаа хүнтэйгээ хэрхэн яриа үүсгэж болох вэ. Үүнийг 2 Анна харуулна.
  • - Байшин барихад тодорхой технологи байдаг. Гэтэл нэг л зүйлийг томъёолж, категорит оруулж чадахгүй. Тэр бол хайр сэтгэл.
  • - Хэдийгээр амьдралын туршлагатай ч хайрыг хэн ч, хэзээ ч  номлож чаддаггүй.
  • - Анна Каренинаг нөхрөө хуурсан янхан хүүхний тухай жүжиг гэвэл та өөрийгөө хэн бэ гэдгийг л харуулна.

Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва

  • - Ганцхан юмнаас болгоомжилж байна. Энэ жүжгийг үзсэн хүмүүсийн ихэнх нь өөрт аятай санагдсан зүйлээ нэхэх байх. Шүүмжлэх байх.
  • - 1873 оны ёс суртахуунгүй нийгэм энэ театрт өрнөж байна. Энд ээжийн нэг хэлсэн нэг айхтар үг байдаг. “Зүгээр байдаг л нэг зугаа цэнгэл байсан бол болно. Гэтэл чиний наадах хэр хэмжээнээс хэтэрчихлээ, үүнийг чинь нийгэм хүлээж авахгүй байна” гэж.
  • - Аннаг хэн Анна болгоод хэлнээс хэлд, улсаас улс руу, цагаас цаг руу, орон зайгаас орон зай руу шилжүүлээд байгаа юм бэ. Яагаад шашин ёс заншилд өөрөө өөрийнхөө амийг хөнөөсөн хүнийг үзэн ядаж, газар хүртэл өгдөггүй юм бэ. Гэтэл Анна аргагүй л амиа хорлочих болсон хэрнээ яагаад амьд үлдчихэв?
  • - Хамгийн тэнэг ч юм шиг, ёс суртахуунгүй ч юм шиг хүн бол Каренина. Каренина бол Аннаг  Анна болгож үлдээсэн гол дүр мөн байх гэж боддог.

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/

  • Гол дүр Анна бол тийм эмэгтэй юм гэж тодорхойлоход хэцүү санагдаж магадгүй.  Тэр л миний зорилго.

Анна /хувь заяа/ - Н.Сувд /ТС АЖ/

  • Сонгодог зохиолын үг үйлдэл болгон ухаад баршгүй гүн утга агуулгатай байдаг. Энэ романаар нэг байтугай нэлээн олон жүжиг хийж болно.

Төгсгөл... Анна: - Миний хайр сэтгэл улам улам шатаж, янаг халуун болж байхад Вронскийнх хөрсөөр хөрсөөр байна...? Надаас холдохыг тэр хүсэж байна. Надад хязгааргүй хайртай гэдэг байсан. Би ч бас... Гэсэн ч энэ бүхэн худлаа байсан юм гэж үү. Үгүй ээ хайр сэтгэл  байсан... Байз байз... Алексей Александрович Серёжаг минь өгч, Вронскийтай гэрлэлээ гэж бодъё. Тэглээ гээд... Кити над руу өнөөдрийнх шигээ харахаа болих уу? Одоо тэгээд яах ёстой гэж? Амсаад, ухаараад л бол оо юу? Миний охин... миний охин Аннаг ч ийм  заяа хүлээж байгаа юу?... Үгүй ээ, тийм байж болохгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна