Засаг дарга нь жирэмсэн эмэгтэйг зодож, орлогч нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, хүнс хумсалсан эрүүгийн хэргээр шүүхээс нэг жилийн хорих ял сонссон Баянзүрх гэж баларсан нэг дүүрэг бий. Дүүргийн ИТХ-д АН олонхи болсон атлаа Засаг даргаа томилж чадахгүй 3 жил улстөржиж, саяхныг хүртэл дүүргийн ЗДТГ-ын байр нь босогчдын хөлд дарагдаж байлаа. Аргаа барсан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дампуурсан банкинд эрх хүлээн авагч томилдог шиг, төрийн захиргааны байрыг хүчээр авч, дүүргийн 360 мянган иргэний эрх ашгийг хамгаалахаа мэдэгдэж байв.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг Баянзүрх дүүрэгт жинхэнэ утгаараа хэрэгжсэн. Газрын зөвшөөрлөө сунгуулах, гарын үсэг зуруулах гэсэн иргэд хаана, хэнд хандахаа мэдэхээ больж, энд жинхэнэ утгаараа засаглалын хямрал болж байв.
Иргэддээ үйлчилэх чадамжгүй болсон атлаа Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах тэргүүтэй хүмүүс төсвийн хөрөнгийг захиран зарцуулах ажилдаа л дураараа дургиж байсныг 11 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн аудитын дүгнэлтээс харж болохоор байна.
Үндэсний аудитын газраас Баянзүрх дүүргийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны, 2020 оны эхний улирлын санхүү, төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтаар төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, үр ашиггүй үрэлгэн зарцуулсан, тусламж дэмжлэгийг тодорхой шалгуургүйгээр хавтгайруулан олгосон, гадаад томилолтын зардлыг өндөр тогтоосон зэрэг нь төсвийн хуулийг ноцтой зөрчсөнийг бид цувралаар хүргэх болно.
Ялтан Б.НАРАНЧУЛУУНД яагаад урамшуулал олговХамгийн ноцтой нь Засаг даргын төлөө хурлаа ч хийж чадахгүй үймэлдэн бужигнаж, улстөржиж байх үедээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан Засаг даргын орлогч Б.Наранчулуунд 200 гаруй сая төгрөгийн тусламж цалин урамшуулал олгосон байж болзошгүй талаар ч яриа гарчээ. Ял авсных нь төлөө юу, ямар ч байсан ИТХ-ын Ажлын албанаас 5,5 сая төгрөгийн урамшуулал нэмж олгосон байжээ. Ялтан хүнд яасан гэж урамшуулал олгосныг Т.Баясах даргаас өөрөөс нь ял асуух цаг ирээд байна.
БЗД-ийн Засаг даргын орлогч асан Б.Наранчулууныг “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга байхдаа албан тушаалаа ашиглан цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс нийлүүлэх төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан, бусдаас хээл хахууль авсан хэмээн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор ялласан байдаг. /Нийслэл, Дээд шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн/ Гэтэл шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө буюу 2019 оны 03 сарын 29-ны өдрийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах даргын А132 тоот захирамжаар АНУ-ын Вашигтон хот руу сургалтад явуулсан байдаг. Үүнд нь хэдэн сая төгрөгийн томилолтын зардал гаргаж байжээ.
Баянзүрх дүүргийнхэн, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нар Б.Наранчулуунд ямар их өртэй болчоод төсвийн мөнгийг ийнхүү хайр гамгүй зарцуулах болов?
Ганц Б.Наранчулууныг ч биш ЗДТГ-ын ажилтнууд болон ИТХ-ын төлөөлөгчийнх нь шагнал урамшуулал, буцалтгүй тусламж ч хэдэн саяар урсаж байсныг аудитын баримтаас харж болохоор байна. Засаг дарга Т.Баясахын тушаал, захирамжаар 2019 онд 155 сая 971 мянган төгрөгийг буцалтгүй тусламжинд зарцуулсан бол шагналд 25 сая 519 мянган төгрөг олгожээ.
БЗД 2016 оноос хойш засаг захиргаагүй толгойгүй хүн шиг байгаа. Дүүргийн тамга, тэмдгийн төлөө гурван жил үймээн самуун, зодоон, цохионтой байсан тэд юу хийж, ямар гавьяа байгуулсан гэж шагнуулж байв?
Мөн тус дүүргийн ИТХ-ын ажлын алба нь төлөөлөгч нартаа улирал бүр урамшуулал олгодог. БЗД-ийн МАН-ын төлөөлөгч нарт лиралд 4,5 сая төгрөг олгодог бол АН-ын төлөөлөгч нарт нэг сая төгрөгөөр илүү буюу 5,5 сая төгрөг олгосон байх юм. Яагаад? Энэ дүүрэгт намчирхал, улстөржилт хэтэрсэн нь ИТХ-ын төлөөлөгч нартаа олгож буй намаар нь ялгаварласан энэхүү урамшууллаас тод харагдана.
Үргэлжлэл бий…ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна