Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШУТИС-ийг Эрдэнэт хот руу нүүлгэнэ


БСШУЯ-наас Боловсролын цахим шилжилтийн талаарх мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дэд сайд Г.Ганбаяр зарим Их дээд сургуулиудыг нүүлгэх талаар дурдлаа.

Тэрбээр энэ талаар "Их дээд сургуулийн үйл ажиллагааг яамнаас шалгадаг журамтай. Шаардлага тавьж, багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана.  Гэхдээ шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Хаагдах хэмжээнд хүрсэн сургуулийн оюутнуудыг ижил мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль руу шилжүүлэн суралцуулна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулж, 100 гаруй мянган оюутны шилжүүлнэ гэж ярьсан. 2013 онд оюутны хотхоны зөвхөн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 11 их наяд төгрөгийн  санхүүжилт  гарах тооцоо гаргаж байсан. Тиймээс энэ бол боломжгүй шийдвэр юм байна. Харин зургаан аймагт оюутны хотхон байгуулах нь зөв юм байна. Баруун аймагт Ховд их сургууль, Зүүн аймагт Дорнод их сургууль цаашлаад Орхон аймаг, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Тодруулбал ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй.

ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Түүнчлэн их дээд сургуулиудад давхардал байна. Тиймээс цаашид МУИС гэхэд  нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр, ШУТИС, ХААИС-ууд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дагнаж үйл ажиллагаагаа явуулна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна