Т.Мөнхсайхан: Коронавирус дотооддоо алдаагүй, санаа зовохгүй байж болно


Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар Коронавирусний эрсдэлийг бууруулах зорилгоор хоёр боомтыг хаах эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал  Увс аймгийн "Боршоо", Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтуудыг ирэх 11 дүгээр сарын 2-ноос 21 хоног түр хаахаар шийдвэрлэлээ.

Дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа хүчтэй явагдаж байна. ОХУ-ын хил залгаа бүс нутгуудад өвчлөл, нас баралт нэмэгдсээр байна.  Мөн боомтуудаар орж ирж байгаа жолооч нараас коронавирус илрэх нь эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 30 жолоочоос илрээд байна Өчигдөр гэхэд л ОХУ-ын хоёр жолоочоос вирус илэрлээ. Боршоо, Цагааннуурын боомтуудаар нефть болон өргөн хэрэглээний бараа, малын гаралтай бүтээгдэхүүн нэвтэрдэг" гэв.

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан дотооддоо коронавирус алдсан байх магадлалтай гэх мэдээлэл тарсан.

Тэгвэл энэ талаар  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Дэлхий дахинд коронавирусний нөхцөл байдал сайнгүй байна. Ялангуяа манай улстай хил залгаа нутгуудад халдварын тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдсээр байна. Тиймээс Засгийн газар хилийн хяналтаа сайжруулах үүднээс зарим боомтуудыг хаах шийдвэр гаргалаа.

Ер нь коронавирус орж ирэх эрсдэл нэмэгдсээр байгаа учир халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг ард иргэдээсээ хүсэж байна.  Коронавирус алдсан байх магадлалтай талаар ярьж байна. Дотооддоо коронавирус алдаагүй, санаа зовохгүй байж болно. ЭМЯ-ны хяналттай байгаа. Өчигдөр Цагааннуурын боомтоор орж ирсэн жолооч нараас коронавирус илэрсэн. Шинжилгээний хариуг баттай болгох үүднээс 11 цагийн ЭМЯ-ны мэдээлэлд дурдаагүй” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна