Д.Нарантуяа: “СТЕПС” судалгааг дөрвөн удаа хийсэн цорын ганц орон боллоо


“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр СТЕПС судалгааны тайлан”-г хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр /2020.06.29/ “Блю Скай” зочид буудалд боллоо.

Энэхүү ёслолд УИХ-ын гишүүн,  Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Сергей Диордица болон яамны газрын дарга нар, үндэсний статистикийн хороо, Шинжлэх ухааны академи, ЦЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ), ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, улсын 1,2 дугаар төв эмнэлгийн төлөөллүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, судалгаа шинжилгээний байгууллагуудын удирдах ажилтан мэргэжилтнүүд, мөн энэхүү судалгааны удирдагч, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн юм. Ёслолын үйл ажиллагааны нээлтэд  МУСТА, НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан  н.Оюун-эрдэнэ, Үндэсний урлагийн их театрын хөөмийч, морин хуурч н.Зоригтбаатар нар  Монгол ардын дуу “Сэрүүн сайхан хангай”-гаар ая дууны мэнд өргөлөө. Ёслолыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээв.
Тэрбээр, “СТЕПС судалгааг бид 2005 оноос хойш  4-5 жил тутамд  тогтмол хийж байгаа. Энэ нь эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг тодорхойлсон суурь болж байгаа юм. Эрүүл мэндийн салбарын гол бодлого, чиглэл юу байх, ямар асуудал дээр санхүүжилтийг төвлөрүүлэх вэ гэдгийг тодорхойлсон томоохон  ажил. Үүнийг НЭМҮТ-ийнхэн  чадварлаг хийсээр ирсэн туршлагатай бөгөөд  ДЭМБ-аас дэлхийн түвшинд хийдэг хэмээн үнэлж байгаа юм. Цар хүрээ маш өргөн энэхүү судалгааг хийхэд  ЭМЯ, ДЭМБ хамтран ажиллалаа. Үүнд гар бие оролцон, судалгаагаа  хийх бүрэн боломж олгосон  ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Сергей Диордицад нийт ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна” хэмээлээ.
Мөн эрүүл мэндийн салбарын нас баралтын тэргүүн эгнээнд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт  хавдар, гуравдугаарт осол гэмтэл орж байгаа. Монгол Улсад нас баралтын 77 хувийг эзэлж байгаа энэ халдварт бус өвчний чиглэлд Монголын төр, эрүүл мэндийн салбар, энэ чиглэлээр ажиллаж байгаа газрууд ямар бодлого чиглэл баримтлах зэрэг дээр судалгаа хийсэн. Үүний үр дүнгээр эрүүл мэндийн салбар цаашдын ажлаа төлөвлөнө. Тэр дундаа энэ удаагийн “СТЕПС” судалгаа нь ээлжит сонгууль болж өндөрлөсөн үеэр тайлангаа гаргаж байгаа учраас сонгуультай холбоотойгоор Монгол Улс төсөвтөө өөрчлөлт оруулж, тодотгол хийх  үеэр энэхүү судалгааны үр дүн гарч байгаа нь олзуурхууштай хэрэг юм гэдгийг салбарын сайд нь энэ үеэр онцолж байлаа. Харин “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр” СТЕПС судалгааны үр дүнгийн тайланг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, судалгааны удирдагч Д.Нарантуяа илтгэлээ танилцуулав. Тэрбээр, “Манай улс  ДЭМБ-ын номхон далайн бүс нутгууддаа СТЕПС судалгааг дөрвөн удаа гүйцэтгэсэн цорын ганц орон болсон” гэдгийг дурдлаа. Энэхүү судалгаа нь:
  • Монгол Улсын хүн амыг бүс нутгаар нь анх удаа харьцуулсан
  • ДЭМБ-ын “eSTEPS” программын орчинд өөрийн орны онцлогтоо тохируулан мэдээллийн баазыг үүсгэсэн
  • Хот суурин, хөдөө орон нутгийн НЭМ-ийн ажилтнуудыг талбар дээр нь “СТЕПС” судалгааны арга зүйд сурган чадавхжуулсан зэргээрээ онцлог болжээ.
Мөн Эрүүл мэндийн яам буюу Засгийн газар бие дааж энэхүү судалгааг санхүүжүүлсэн гэдгийг тодотгов.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна