У.Хүрэлсүх: Манай улс коронавирус дотооддоо алдахгүй бол дэлхий тэр аяараа монгол руу "ниснэ"


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа.  Түүний хэлсэн үгнээс ТОВЧЛОН хүргэж байна.

  • -          Монгол улс айл шиг л айл байх нь бидний эрхэм зорилго. Импортлогч улсаас экспортлогч улс болох ёстой. Их эзэн Чингис хаан “Бусдын хийсэн хоолыг идэж, хувцсыг нь өмсөж байгаа бол боол болсон гэж бодоорой” гэж хэлсэн байдаг.
  • -          Халамжийн бодлогоос Хөдөлмөрийн бодлого руу шилжихээр зорьж байна.
  • -          Өнөөдөр бидэнд Ковид алга. Цэргийн хэллэгээр бол бүслэгдсэн. Тиймээс хориглон хамгаалах тулалдаан хийж байна.
  • -          Хэрвээ “Ковид” орж ирлээ гэж бодоход улс орны амьдрал ямар болох вэ гэдгийг төсөөлж бодоход сэтгэлд буудаггүй юм, аймшигтай зүйл болно.
  • -          Эрдэмтэд судлаачдын хэлж байгаагаар хэрвээ 2020 оны 2 сараас эхлэн КОВИД алдсан бол 30 гаруй мянган хүн нас барсан байх магадлалтай байж. 30 мянган хүн гэдэг чинь 10 сумын хүн ам.
  • -          Ирэх жилийн 6 дугаар сараас нааш дэлхий дээр “КОВИД 19” халдварын эсрэг вакцин гарахгүй. 2021 он бол бүхэлдээ хаалттай байна гэж ойлгох хэрэгтэй.
  • -          Цар тахлаас үүдэж дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орсон. Уначихсан байсан эдийн засгийг өөдөн татаж, 2020 оны 1 сард 7,2 хувьд барьж байтал өнгөрсөн 9,10 сарын хугацаанд -9,9 болж унасан. Засгийн газраас удаа дараа шийдвэр гаргасны хүчинд бусад улсыг бодвол харьцангуй хохирол багатайгаар даван туулж байна.
  • -          Дэлхий нийтэд хэзээ вакцин гарч, амар тайван байдалтай болно, тэр цагт хил нээгдэнэ.
  • -          Улс төрийн шийдвэрийг хүн болгонд таалагдах гэж гаргадаггүй юм. Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийг чангаруулна.

-          Бид дараах 8 асуудалд анхаарах ёстой.

  • 1.       Эрчим хүчээр эх орноо хамгаалах ёстой. Эрчим хүчний станцуудаа 4-12 жилийн хугацаанд барьж дуусгах ёстой. Хэрвээ энэ ажлыг хийж чадвал ойролцоогоор 3000 хүн ажлын байртай болно.  30 жилийн дараа Монгол улс 5 саяулаа болно. Тэдгээр иргэдийнхээ хэрэгцээг хангах ажлыг одооноос хийнэ.
  • 2.       Нефть боловсруулах үйлдвэр барина. Бүтэн 60 жилийн хүсэл мөрөөдөл байсан, одоо баригдаж байна. Энэ үйлдвэрээ өргөтгөх бүрэн боломж бий.
  • 3.        Эх орондоо хүнсээ үйлдвэрлэдэг больё. Бусдаа гуйлга гуйхгүйгээр амьдаръя. Хоол хүнсээ дотоодоосоо хангая.  Цагаан будаа л тариалж чадахгүй байх. Тэрнээс элсэн чихэр, ургамлын тос гээд  бүгдийг дотооддоо хийх боломжтой. Манайх ургамлын тосны үйлдвэртэй. Гэтэл жилд 20 мянган тонн ургамлын тос импортоор авч байна. Жилдээ 500 сая ам долларын хүнсний бүтээгдэхүүн гаднаас авч байна.
  • 4.       Дэд бүтэц бол улс орны хамгийн чухал салбар. 700 км өөрсдийн хүчээр тавьж байна. Хөрөнгө мөнгө нь шийдэгдчихээд байхад Өвөрхангай чиглэлийн 58 км замын та нар тавьж чадсангүй. Үүн дээр анхаар. Налайхын замыг зургаахан сарын дотор тавьсан. Үүнтэй адил Дарханы замыг тавих ёстой. 3-5 сая хүртэлх хүн хүлээж авах чадалтай нисэх Олон улсын буудалтай болсон. Аялал жуучлалыг хөгжүүлэхэд энэ буудал асар их үүрэг гүйцэтгэнэ. Аялал жуучлал хийх хамгийн тааламжтай орнуудын нэг нь Монгол улсыг нэрлэж байна. Хэрвээ манай улс коронавирус дотооддоо алдахгүй бол дэлхий тэр аяараа монгол руу ниснэ.  Халдвар алдаагүй улс бол Гиннесийн номонд бичигдэж ч магадгүй.
  • 5.       Цахим монгол болъё. Emongolia 181 төрийн үйлчилгээ цахимд болсон. Дээр нь 270 гаруй үйлчилгээ цахим болно. Монгол улсын хаанаас ч төрийнхөө үйлчилгээг авдаг болно.
  • 6.       Боловсруулах үйлдвэр барина. Зэс, ган, нүүрс зэрэг боловсруулах үйлдвэрүүдээ барьснаар ажлын байраа нэмэгдүүлье. Ажил идэвхтэй хайж байгаа 30 мянган хүн байна. Монгол улс хүн амынхаа тоотой харьцуулбал их дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. 138 мянган оюутан их дээд сургуульд сурч байна. Гэтэл мэргэжил сургалтын төвд 40 мянган оюутан суралцаж байна. Байрыг нь сольмоор байна. Эдийн засагч, хуульч хангалттай ч гагнуурчин, барилгачин, токерчин дутагдалтай байна. Бүтээн байгуулалт хийх гэхээр мэргэжилтэн байдаггүй.  Би бол төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үздэг Ерөнхий сайд. Чөлөөт зах зээл гэж байхгүй. Ганц жишээ хэлье. Цементийн 4 үйлдвэртэй. Энэ үйлдвэрүүд хоорондоо өрсөлдөөд 30 хувиа л ашиглаж байна. Өрсөлдөөний зах зээлд бие биенийгээ татаж унагааж байна. Тавантолгой, жижиг Тавантолгой, Ухаа худаг зэрэг компаниуд бие биетэй өрсөлдсөнөөс болоод дэлхийн зах зээл дээрх манай коксжсон нүүрсний унасан. Энэ мэт зохицуулалт алга.
  • 7.       Байгаль орчноо хамгаалах ёстой. Амьдралын үндсийн үндэс бол байгаль орчин. Монголыг уул уурхай нэрээр самарсан хүмүүс байна. Тэдний зарим нь гадаадад дүрвэсэн ч гарт өртсөн булаг шанд ширгэж, ой хөвч маань сүйдсэн. Тэд эргэж сэргээгүй. Тиймээс ЗГ хариуцлагагүй уул уурхайтай тэмцсэн. Алдсан үйлдвэр, компаниудаа эргүүлж олж авсан. Эрдэнэт, Багануур, Хөтөл зэрэг үйлдвэрүүдээ, Салхит, Асгат зэрэг мөнгөний ордуудаа, Ноён Уул, Гутайн даваа, Тос тосон бумба зэрэг олигархуудад алдсан баялгаа олж авсан. Улсынхаа өмч болгосон. Асар их эсэргүүцэлтэй тулсан ч хийхээс өөр замгүй. Учир нь Монгол төрийн сүлд хийморь авлигачдын өмнө хэзээ ч бүү сөхрөөсэй гэж үздэг хүн. Энэ монгол төрийг бидний өвөг дээдэс цусаараа байгуулж, ясаараа эвлүүлж босгосон болохоор хайрлахаас өөр замгүй.
  • 8.       Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг тогтооно. “Чи зовлонгоос ангижиръя гэж бодож байгаа бол зовлонгийн шалтгааныг нь ол” гэх Бурхны сургааль байдаг. Ядуу байж болно. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Хөгжөөгүй биш хөгжсөн. 1990 ээд онд манай улс 47 гаруй мянган автомашинтай байсан бол өнөөдөр 1 гаруй автомашин байна. Гурав хүний нэг нь автомашинтай байна гэсэн үг. Нөгөө талаар, манай улс 3,3 сая иргэнтэй. Гэтэл 1 сая ядуу амьдарч байна. Тиймээс 1 сая хүний амьдралыг өөд нь татах нь төрийн бодлого. Үүний тулд сахилга баттай, дэг журам байх ёстой. Дээр дурдсан 8 асуудлыг шийдвэрлэх ёстой гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна