Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр үүрэг даалгавар өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлд хийгдэж буй тохижилт, авто зам, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас сонслоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлын танилцуулгыг УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм хийв. Тэрбээр “Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 24000м2 эвдрэл бүхий явган замын судалгаа гарган шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/471 дугаар захирамжийн дагуу Хотын ерөнхий менежерийн А/131 дүгээр тушаалаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 18 байршлын 10290м2 талбайд хийгдэх 12 багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан ажлыг эхлүүлсэн. Эхний хагас жилийн байдлаар таван байршилд 55м2 явган замыг засварлалаа. Мөн нийслэлийн хэмжээнд 22 байршилд сагсанбөмбөг, хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил хийгдэж байна” гээд энэ онд Улаанбаатар хотод хийгдэж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлуудын талаарх товч мэдээллийг хүргээд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэний дараа арчлалтын асуудал тулгардаг. Энэ талд цаашид анхаарч шийдвэр гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм.

Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ “Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон бороо болон Ковид19-той холбоотой цемент дутагдалтай байгаагаас шалтгаалан зарим барилгын ажлууд удаашралтай байна. Ялангуяа тохижилтын ажлуудад саатаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар 514 ажил хэрэгжиж байна. Нийт ажлын явц 59 хувьтай байгаа. Үүнээс он дамжсан 270 ажил, шинээр хийгдэж 244 ажил байна” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Худалдан авах ажиллагааны газарт өнөөдрийн байдлаар 207 ажил эрх шилжиж ирсэн. Үүнээс тендер зарласан 29, үнэлгээ хийгдэж байгаа 25, зураг төсөв, ажлын даалгавар байхгүй 17, гэрээ хийгдсэн 98 ажил байна. Мөн гэрээ байгуулах эрх олгосон 24, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 10, газрын асуудал шийдвэрлэгдээгүй 4 ажил байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хүн болгоны татварын мөнгөөр хийгдэж байгаа энэ бүтээн байгуулалтын ажлууд ямар нэгэн шалтгаанаар удааширч болохгүй. Бид хотын өмч хөрөнгө бүрийг хайрлаж, хамгаалах ёстой. Иргэдтэйгээ хамт хяналтаа тавьж ажиллана. Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөртэй холбоотой бүх ажлуудын талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой. Иргэд хяналтаа тавьдаг, оролцоогоо нэмэгдүүлдэг, цаашид арчилгаа тордолгоонд хамтарч оролцдог байх нь зүйтэй. Урин дулааны энэ үед бүтээн байгуулалтын ажил зогсож болохгүй. Холбогдох байгууллагууд чиглэл чиглэлдээ ажлаа сайн хий. Хаанаас хэнээс болж ажил гацаж байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж, газар дээр нь явж ажиллана” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close