ЖДҮ-гийн хэргээр ял сонсох дараагийн хүн нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг ЖДҮ-ийн сангийн хэргээр буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэх хэргээр шалгаж, шүүх ял оногдуулсан.

Б.Батзориг нь шүүхийн шатанд гэм буруугаа хүлээсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргаж, улмаар УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Тэгвэл ЖДҮ-гийн хэргээр ял сонсох дараагийн хүнээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа тодорч байна. Учир нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнийг гэм буруутай гэж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрвөн удаа хойшилсны эцэст өнөөдөр болж ийнхүү түүнийг гэм буруутай гэж үзлээ.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.

Дээрх заалтыг харвал, Эрүүгийн хуульд

  • 4.1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.
  • 1.2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.
  • Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close