Редакцийн сонголт

АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах 15 үндэслэлийг гаргажээ

АН-ын Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв намын дарга С.Эрдэнийг огцрох ёстой хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. Түүнийхээр бол, Монголын улс төрийн манлайлагч хүчин Ардчилсан Намыг “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан болох С.Эрдэнэ та удирдсан мөчөөс эхэлсэн улс төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас үүдэн тус нам хагаран хуваагдаж, намын гишүүд, дэмжигчдийн итгэл алдарч, олон нийтийн дэмжлэг огцом буурч байгаа тул АН-ын дарга С.Эрдэнийг дараах 15 үндэслэлээр огцрох ёстой хэмээн үзэж буй ажээ. Үүнд:

  1. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат та нар МАН-ын “60 тэрбум”-ын бүлэглэлийг өмгөөлсөн улс төрийн байр суурь илэрхийлж, М.Энхболдыг хамгаалсан санал өгч, шүүх, прокурор, АТГ-ын авилгач удирдлагыг өмөөрсөн мэдэгдэл, үйлдлүүдээрээ “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан болохоо удаа дараа нотоллоо.
  2. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат та нар “МАНАН-МАФИ”-ийн эрх ашгийг хамгаалсан санал өгөхийг УИХ-ын дахь бүлгийн гишүүддээ хүчээр тулгаж, улмаар ард түмний язгуур эрх ашгийн төлөө санал өгсөн Л.Болд, Ж.Батзандан нарыг намаас хөөснөөр УИХ-д Ардчилсан нам бүлэггүй болж, Парламент дахь хяналтын тогтолцоо үгүй боллоо.
  3. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа Хөгжлийн Банкны хамаарал бүхий компанид өгөхөд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат та нар ЗГ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус, луйврын бөгөөд хулгай дээрмийн үйлдлээ зөвтгөн хамгаалсаар байна.
  4. Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсэх асуудал албан ёсоор хэлэлцэгдээгүй байхад С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс яаран мэдэгдэл хийж, жагсаал зохион байгуулж “Монгол улсыг ШХАБ-д элсүүлж БНХАУ-д зарлаа” гэх хариуцлагагүй мэдэгдэл хийж намын гишүүд, дэмжигчдийг МУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг хандуулан, нийгмийг санаатайгаар талцуулан хувааж, Монгол Улсын гадаад бодлогод хортой, туйлын хариуцлагагүй үйлдэл хийсэн.
  5. Та нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар болон, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж нийгмийн даатгалын мөнгийг байршуулсан, улмаар өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хардагдаж, намын нэр хүндийг унагалаа.
  6. Намын бүхий л бодлого, шийдвэр, үйл ажиллагаа Худалдаа хөгжлийн банк болон цөөн олигархуудын захиалгаар хийгддэг болж, Ардчилсан нам “МАНАН-МАФИ”-ийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болсон.
  7. Судалгааны байгууллагуудын дүнгээс үзэхэд С.Эрдэнэ таныг намын дарга болсон мөчөөс эхлэн намын рейтинг тасралтгүй унасаар, түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд буюу 7-8 хувьд хүрлээ. Өнөөгийн намын удирдлагад намын гишүүдийн итгэл алдарч, ард түмний дэмжлэг үгүй боллоо.
  8. Таныг намын даргаар ажилласан хугацаанд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь, Булган, Дундговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хотод явагдсан аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 65 суудлын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн 52 суудал буюу 80 гаруй хувьд Ардчилсан нам ялагдал хүлээлээ.
  9. С.Эрдэнэ та аливаа сонгуулийн компанит ажлыг удирдан зохион байгуулж манлайлан оролцох үүрэгтэй байтал 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар үйлдэл болон эс үйлдлээрээ нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан болохыг намын олон гишүүд нотолж байгаа.
  10. Намын даргаар сонгогдохдоо мөнгө, ноолууран эдлэл тарааж, нийгмийн даатгал, халамжийн сүлжээг ашиглан намын гишүүн бус хүмүүсийг өөрийнхөө төлөө санал өгүүлж дүрэм зөрчсөн.
  11. АН-ын 7-р Их хурлаар баталсан Үндсэн дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ засварлаж эрх дархаа хамгаалсан өөртөө ашигтай олон заалтууд оруулж намын Их хурлын бүрэн эрхэнд халдсан.
  12. Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд намын даргад 2 жил тутам Намын их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж заасныг хасаж, хариуцлагаас зугтсан.
  13. Намын Үндсэн Дүрмийн Хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож ажиллана гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга санал болгож байгуулна гэснээр намын хяналтын тогтолцоог устгаж, хүссэн хүнээ намаас хасдаг, гишүүдийнхээ эрхэнд халддаг болсон. 2 жилийн хугацаанд ихэнх аймаг, дүүргийн намын даргыг огцруулж үүрэг гүйцэтгэгч нэрээр хамаатан садан, хүү, хүргэн, жолооч, туслах, тойрон хүрээлэгчдээ томилж орон нутгийн намуудыг хагалан бутаргасан.
  14. Намын Дотоод Сонгуулийн Хорооны гишүүд намын Их хурал дээр өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга нэрсийг санал болгож байгуулна гэснээр Дотоод сонгуулийн хороог даргын захиалга биелүүлдэг тоглоомын байгууллага болгосон. Та намын бүх шатны дотоод сонгуульд оролцож хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах гэдгээ өөрийн үзэмжээр шийддэг болж намын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөнийг устгаж “ротаци” нэртэй хэлбэрийн төдий мөнгөний сонгууль явуулдаг болсон.
  15. МАН-ын “60 тэрбум”-ын схемийг Ардчилсан намд оруулан намын бүхий л удирдах албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ороход 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд 90 сая төгрөг, дунд шатны намын даргад нэр дэвшихэд 20 сая төгрөг, Залуучуудын Холбооны даргад нэр дэвшихэд 125 сая төгрөг зэрэг мөнгөн босго тавьж Ардчилсан намыг мөнгөний нам болгосон.

Ээлжит сонгуулийн жил ойртож байгаа энэ цаг үед 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын жирийн шударга гишүүд бид эвлэлдэн нэгдэж Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО” байгуулж дараах шаардлагыг хүргүүлж байна. Нэг. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ та дээрх 15 үндэслэлээр хариуцлага хүлээж огцрох өргөдлөө өгөх. Хоёр. Ардчилсан намын Онц их хурлыг 2019 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн дотор зарлан хуралдуулах. Энэхүү шаардлагыг биелүүлж, хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэхийг шаардаж байна. Шаардлагыг эс биелүүлбэл Ардчилал, шударга ёс, үнэт зүйл, үзэл санаа болон Ардчилсан намын ирээдүйн төлөө гишүүд бид эрс шийдэмгий, хатуу тэмцэл өрнүүлэх болно гэдгийг мэдэгдье.

АН-ыг Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close