Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоогүй бол Улсын хэмжээнд халдвар авсан иргэний тоо 3400 хүрэх байжээ


Өчигдрийн Засгийн газар болон Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг харахад хэд хэдэн гол асуудал дээр төвлөрч хуралджээ. Эхний асуудал мэдээж өвчний тархалж, түүний цар хүрээг тогтоож барьсан ч илүү анхаарал хандуулж, тархалтыг нэмэгдүүлэхгүй, хумьсан дээрээ илүү хичээх байжээ.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд халдварын тоо 791 байна. Хэрэв хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжээгүй бол энэ тоо 3400-д хүрэх байсныг судлаачид гаргажээ. Тиймээс цаашид бүх нийтийн бэлэн байдлыг бууруулсан ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүх нийтээрээ ажиллах зөв гэж үзсэн байна. Дараагийн гол асуудал бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулж, хэвийн амьдрал руу шилжүүлэх. Засгийн газар болон Улсын онцгой комисс, түүний дэргэд ажиллаж байгаа эрүүл мэнд, эдийн засаг, статистик, гамшиг гээд салбар бүрийн 21 эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл дэлхийн 118 орноос Коронавирусын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, онц сэрэмжтэй энэ үед хэрхэн ажиллаж байгаа нөхцөл байдлын талаар нарийн судалгааг хийжээ.

Ингэхдээ эхний ээлжинд үйлдвэрлэлийн салбар, дараагийн ээлжинд барилга, худалдаа үйлчилгээ гэсэн байдлаар салбаруудын үйл ажиллагаагаа нээж байна. Хөл хориог шууд цуцалж бүх салбарыг зэрэг нээх юм бол өвчин хүчтэй тархаж барьж дийлэхгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Тиймээс өчигдөр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрт эхний ээлжит нээх 18 салбарыг нэрлэсэн. Ингэж дасан зохицох маягаар бага багаар салбаруудын үйл ажиллагааг нээх нь хамгийн зөв шийдэл байлаа. Улсын онцгой комиссын хурал дээр шат шатны хариуцлагын талаар ч ярьсан тухай Шадар сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн.

Улсын онцгой комисс ерөнхийлөн зохион байгуулж, хэрэгжилтийг аймаг, нийслэлийн онцгой комисс, засаг дарга нар хариуцан гүйцэтгэдэг. Зарим газар хариуцлага сул, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын явцад алдаа дутагдал гарсан. Нөгөө талаасаа иргэд ч гаргсан хуваарын дагуу авсан цагаараа бус шууд очиж оочер дараалал үүсгэх нөхцөл байдал байна гэлээ.

Маргаашнаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хоёр аймгаас бусад аймаг руу иргэд зорчиж эхэлнэ. Энэ зохион байгуулалтыг иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй гардан зохион байгулах үүрэг чиглэлийг ЗТХЯ-ны 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт өгчээ. Иргэдийн эрүүл мэнд, амьдралын амжиргаа, улсын эдийн засаг гээд бүх нөхцөл байдлыг харгалзаж судалгаа тооцоотой энэ шийдвэрүүдийг шат дараатай гаргаж байна. Хэрэв өвчны голомт нэмэгдэхгүй халдвар тархалт буурвал аль болох эдийн засгаа бодсон арга хэмжээнүүдийг шат дараатай авах бодлого барьж ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “Оном” сангийн эрдэмтэдтэй цахимаар уулзалт хийж, МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн саналыг ч сонссон. Өөрөөр хэлбэл тал бүрийн мэдээлэл, судалгаан дээр үндэслэн салбар бүрийн эрдэмтэн докторуудын мэдээлэл тооцоотой хамтатган шат дараалсан шийдвэрүүдийг гаргаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна