ОУПХ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон асуудал дээр хэрэг үүсгэжээ


Дэлхийн  179 улсын парламентийн гишүүнчлэлтэй Олон улсын парламентийн холбоо манай улсад дахин хэрэг нээжээ. Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Ардчилсан засаглал, институц, үнэт зүйлийг сурталчилж, парламент болон парламентын гишүүдтэй хамтран иргэдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг тус байгууллага өмнө нь УИХ-ын гишүүн агсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хэрэг нээж байсан бол энэ удаа  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон хэрэгт хяналт тавихаар болжээ.

Тодруулбал Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо өнгөрсөн 10 сарын 31-ны өдрийн 162 дугаар хуралдаанаараа  Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлыг хэрэг нээн хянан шалгахаар шийдвэрлэсэн байна.

Парламентийн гишүүдийн Хүний эрхийн хороо нь эрх нь зөрчигдсөн парламентийн гишүүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэд хэдэн төрлийн арга хэмжээ авч ажилладаг аж. Үүнд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, сонсгол зохион байгуулах, шүүх хуралд ажиглагчаар оролцох, ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулах, дүгнэлт гаргаж эрх баригчдад шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авдаг.

ОУПХ-ны гаргасан дүгнэлт нь НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрч, Монгол улсын засаглал, шударга шүүхийн тогтолцооны талаар сөрөг үнэлэлт өгөх, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авах хэмжээнд нөлөөлж болзошгүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна