МАХН-ыг МАН-тай нэгдэх асуудлыг хамгийн их эсэргүүцэж байгаа хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр МАХН-аас 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин эдүгээ парламентийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүн болмогцоо удаа дараа хэлсэн ярьснаасаа эргэж буцан МАХН-ынхныхаа итгэлийг алдсан бололтой. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа С.Ганбаатарын итгэлцэлгүй байдлыг илчиллээ. С.Ганбаатар УИХ-ын сонгуульд ялмагцаа намын дарга, гишүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр “Энэ 4 жилд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, Эрдэнэтийн сонгогчдынхоо эрх ашгийг төлөө УИХ-д идэвхтэй ажиллана” хэмээн ярилцлага өгч байжээ.
Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ийнхүү С.Ганбаатарын хоёр нүүрийг илчлэхэд хүргэсэн бололтой. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга Парламентад суудалтай намын хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёрыг урьж уулзаж байжээ. Энэ үеэр С.Ганбаатар “Энэ 4 жилд би УИХ-даа л идэвхтэй ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ. Харин нутгийн ах Таныгаа дэмжье гэж бодож байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би Танд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн амлаж байсан. Гэтэл Н.Энхбаяр, МАХН-ын нөхөд маань дэвшүүлчихсэн болохоор одоо таниас уучлалт гуйж байна” хэмээн хэлж байжээ.
Хариуд нь Х.Баттулга Ерөнхийлөгч “Тэр үед чи бид 2-ын дунд тийм яриа болж байсан нь үнэн. Гэхдээ Ганбаатар МАХН-аас нэр дэвшиж МАН-ын саналыг хагалж байж надад сонгуульд амжилттай оролцох нөхцөл байдал бүрдсэн. Тийм учраас МАХН-ын дарга болон МАХН-д талархаж байна” хэмээн хэлж байжээ. Үүнээс үзвэл С.Ганбаатар МАХН гэх нэг малгай дор зүтгэж явсан журмын нөхдөө үл ойшоон хувийн эрх ашгийн үүднээс Х.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос ч өмнө удаа дараа хувийн тохироо хийж байсан бололтой. Энэ удаад ч гэсэн Оюутолгойн гэрээг цуцлах улс төр хийн, МАН-ын Засгийн газарт шахалт үзүүлэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлан хэвтсэн. Энэ нь тухайн үед шоконд ороод байсан Ерөнхийлөгч, нутгийн ах Х.Баттулгад үзүүлж байсан хувийн улс төрийн дэмжлэг байсан бололтой. Харин энэ удаад МАХН-ыг МАН-тай нэгдэх сургаар эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, Ерөнхийлөгч болмоор байгаагаа хэвлэлээр цацаж эхэлсэн нь МАХН-ын гишүүдийн төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын ч дургүйг хүргээд байгаа бололтой. Ямартай ч хэлсэн ярьснаасаа буцдаг, наашаа харж нэгийг яриад цаашаа харж нөгөөг ярьдаг С.Ганбаатарыг МАХН бол нэр дэвшүүлэхгүй нь Н.Энхбаярын ярианаас тодорхой байна. Харин бусад нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшвэл Эрдэнэтчүүд гайхаад хэрэггүй л бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна