“Аспайр майнинг”-ийн эзэн Ц.Цэрэнпунцаг уул, усаа ухаж төнхөх тухай ярьсаар УИХ-д нэг жилийг үдэх нь


  1. Төрд шургалж, түрийвчээ түнтийлгэдэг “хорчин”-ууд улстөрд хорт хавдар мэт тархсаныг олон хүний жим харуулдаг. Харамсалтай нь монголчууд цагаахан ард түмэн. Нутгийнхаа аль сайн яваагаа чадах чинээгээрээ дэмжиж, улстөрд дуу хоолойгоо хүргэ хэмээн замчилдаг ч өнөөдүүл нь өр рүү өшиглөдөг түүх давтагдсаар. Тэдний нэг нь өнөөгийн улстөрд, УИХ-ын чуулганы танхимд бодитоороо заларсны нэг нь Ц.Цэрэнпунцаг.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр төрөөс төрсөн тэрбумтануудыг улстөрөөс хол байлгахыг ард түмэндээ сануулж байлаа. Тэрбээр “Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийчихээд УИХ-д толгой хоргодох байдал ажиглагдаж байгаа. Уул уурхайн бизнестэй хүмүүсийг төрөөс хол байлгах ёстой” хэмээн мэдэгдсэн нь  угтаа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэтийн хүмүүсийг хэлж байв. Гэвч нүд улаан, мөнгө цагаан аж.  Ямар ч хамаагүй аргаар улстөрд орсныхоо төлбөрийг олохоор тэрбээр УИХ-ын индэрийг хэд хэдэн удаа  ашиглажээ.

Ц.Цэрэнпунцаг парламентын чуулганы хуралдааны эхний өдрөөс хойш шахам хувийн бизнестэйгээ холбоотой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Бизнесийн орчныг дэмжих эрх зүйн бодлого байх ёстой нь үнэн. Үүнд анхаарах ёстой нь ч үнэн. Харин үүнийг нь далимдуулан өөрийнхөө уул уурхайн бизнесийг хамгаалах бамбайг УИХ-ын индэр гэж эндүүрсэн хүмүүсийн нэг бол Улсын гарвьд Ц.Цэрэнпунцагийг гэж хүмүүс ярьдаг юм билээ.

Тэрбээр УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр “Хайгуулын лиценз олголтыг хөнгөвчил. Байгаль орчноо хамгаална, эх дэлхийгээ хайрлана гэж ярьдаг хүмүүсээс болж найман жилийн дараа Монголд уул уурхай гэж байхгүй болно. Лиценз авсан хүмүүс хайгуул хийгээд ашиглана гэхээр Засгийн газар шалтаг тоочоод ажиллуулдаггүй” хэмээн мэдэгдэж байв.

Ц.Цэрэнпунцаг энэ үгээ Хөвсгөлийнхөнд дайсан биз. Учир нь түүний 51 хувийг нь эзэмшдэг “Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байрлах Могойн голын нүүрсний ордыг ухахаар 2018 оноос хойш янз бүрийн арга хэрэглэж байгаа ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Ямар сайндаа л  нутгийн иргэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээх вэ?.  Харин үүнд нь Ц.Цэрэнпунцаг гуай ийнхүү УИХ-ын эрхэм өндөр сэнтийгээсээ хариулт өгсөн нь энэ.

Түүнчлэн нэгэн удаа “Лицензийг орд болгоод ашиглах эрхийг нь Засгийн газар олгох хэрэгтэй. Орон нутгийн лобби бүлэг, гадна байгаа улстөрчид попорч байгаад зогсоодог байдалд хатуу анхаарал тавих хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хуулийн өөрчлөлтийг яаралтай оруулж ирж, хамгаалалтыг сайжруул” гэжээ.

Уг нь түүний 51 хувийн эзэмшилтэй “Аспайр майнинг лимитед” компанийн ашиглахаар улайрч буй Могойн голын нүүрсний уурхай бол Хөвсгөл, Завхан аймгийнхны ганц “гал нь”. Энэ уурхай 1970 онд байгуулагдаж, 1999 онд Төрийн өмчөөс Орон нутгийн өмчид шилжсэн.  Жилдээ хоёр аймаг, 20 гаруй сумын 500 гаруй байгууллагад төрийн зохицуулалттай үнээр нүүрсээ борлуулж ирсэн уурхай. Гэвч 52 жилийн турш хямд үнээр нүүрсээр хангаж ирсэн энэ уурхай 2007 оноос талбайгаа дээрэмдүүлж, шуналтнуудын хараанд өртөж эхэлсэн. Анх “Хургатай хайрхан” гэх компанийн төрийн өмчит Могойн голын ууурхайгаас “хулгайлж” авсан лиценз нэлээд олон удаа нэрээ өөрчилж зүгээ буруулсны эцэст ийнхүү Аспайр майнинг гэх нэрээр эзэн суучихаад байгаа.

Энэ талаар нутгийн иргэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан албан бичигтээ “Могойн голын нүүрсний уурхайн ашиглалтын талбайн хил хязгаарын шугам орсон эргэн тойрны талбай орсон хайгуулын тусгай зөвшөөрлийг “Овоотын орд” нэртэйгээр 2007 онд Хургатай хайрхан компани  авч, улмаар уг талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд “Аспайр майнинг лимитед” компани авчээ.  Тэд дахин улсын төсвөөр дахин хайгуулын судалгаа хийж, 200 саяын нөөцтэй гэж батлуулан 10-30 сая тонн нүүрс экспорт хийх ТЭЗҮ гаргажээ. Өөрөөр хэлбэл Хургатай хайрхан, “Аспайр майнинг лимитед” компани Могойтын голын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан учир Хөвсгөл аймгийн төрийн мэдлийн Могойтын голын уурхай цаашид олборлолт хийх талбайгүй болж, Ц.Цэрэнпунцагийн “Аспайр майнинг лимитед” компаниас зөвшөөрөл авч, үлдсэн бага талбайдаа нүүрс олборлохоор болоод байна. Хэрэв “Аспайр майнинг” үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл нүүрсний үнэ даруй 1,5-2 дахин нэмэгдэх бөгөөд дулааны зардал ч тэр хэрээр нэмэгдэх тооцоо байгаа юм. Түүнчлэн тус компанийн ашиглалтын талбай нь Тэсийн голоос 2-10 км, Булнайн нуруу болон түүний салбар уулсаас 8-20 км-ийн зайд оршиж байна. 2019 онд УИХ-аар Булнайн нуруу, тэсийн голын сав газрыг Улсын тусгай хамгаалалттай газарт авсан” гэсэн байдаг.

Түүний энэ мэт хэлсэн үг, хийсэн үйлдэл нь төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг гэхээсээ илүү “Аспайр майнинг” болон бусад уул уурайн компаниудынхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд цаг зав хөрөнгө мөнгө хаян байж  төрсөн нутаг Завханчуудынхаа итгэл сэтгэл дээр дөрөөлөн  улстөрд орж, УИХ-ын гишүүн болсон гэдгээ үг үйлдлээрээбатлан харуулсаар байна.

Улсын гарьд, гэгээрсэн хутагт болсон гэх УИХ-ын эрхэм гишүүн Ц.Цэрэнпунцаг эрхэм гишүүнээр сонгогдоод жил болох гэж байна. Гэвч энэ хугацаанд төр түмнийхээ төлөө биш  түмэн олны хайрлаж хүндэтгэж, бишрэн шүтдэг нутаг усыг нь ухаж төнхөх талаар л ярьсаар нэгэн жилийг үдэх гэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна