Г.Дамдинням: ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарыг шалгуулахаар ТЕГ, АТГ, ЦЕГ-т хандсан


Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, тэдэнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгахыг шаардан, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар ажиллах юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.

Тэрбээр “Шударга ёсны хэмжүүр бол шударга шүүх. Гэтэл өнөөдөр олон нийтэд дэлгэгдэж байгаа мэдээллүүдээс харахад манай шүүх эзэнтэй болчихсон, мафийн сүлжээнд орчихсон. Мөнгө тараадаг. Үүгээрээ хэргүүдийг өөрийнхөө хүслээр шийддэг систем орчихсон байна гэдэг нь харагдаж байна. Үүний цаана ахуй болон бусад гэмт хэргүүдийг яаж шийдэж байгаа бол гэхээсээ айдас байна.

Шат шатны таван шүүгч 10 сая төгрөг хүртэл авчихсан баримт байна. Шүүхийн захиргааны ажилтнууд энэ дунд байна. Тэд шүүх хурлыг хэзээ хаана зохион байгуулахыг шийддэг онцгой эрхтэй хүмүүс. Гэтэл тэд сүлжээнд ороод ҮАБЗ-д байсан хүнээс их хэмжээний мөнгө авсан байна. Дахиад гарч ирэх магадлалтай. Тиймээс бид энэ хэрэгт дуугүй суугаад байж болохгүй.

УИХ-аас ажлын хэсэг гарсан. ТЕГ, АТГ, ЦЕГ-т хүсэлт явуулсан. Дээрх шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шалгуулах үүд хаалгыг Ерөнхийлөгч нээж өгөх ёстой.

Б.Баасанцогт бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй байнгын холбоотой байсан. Зам тээврийн сайд байхад нь МИАТ-д өндөр албан тушаалтай байсан. Дараа нь ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болоход дагаад ирсэн байх жишээний. Өмгөөлөгч нэрээр шүүгч нарт мөнгө тараагаад явж байна гэдэг бол хуулиараа ч, ёсзүйгээрээ ч байж болохгүй асуудал.

Ер нь шүүхийн тухай хууль, шүүгчийн ёсзүйн дүрмийн дагуу бусдаар аливаа мөнгө, зээл авах хориотой. Өнгөрсөн намрын чуулганаар баталсан Шүүхийн тухай хуулийн амин сүнс нь энэ байсан. Шүүгчид шүүгч нарынхаа хэргийг яаж шийдэхийг олон нийт сайн харах хэрэгтэй” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна