Эрх мэдлийн төлөө аргаа барсан Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч дахин бүү ойртуул


Цэцийг тойрсон хоёр үйл явдал өчигдөр болсноос нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн Цэцээс худал мэдээ гаргуултал арчаагаа алдаж, аргаа барж байгааг батлав. Гуравхан хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Дээд шүүхийн сонгосон Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аар батлагдахаас урьтаж Ш.Цогтоо гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх гэж сүүлчийн “сумаа” тавилаа. Дээд шүүхийн хурлаас өөрийнх нь орны хүнийг сонгосон мэдээлэлтэй зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан Бага суудлын хуралдааны шийдвэр нэрээр тамгагүй албан бус бичиг үйлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүмүүс худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тав алхаад баригдах ийм ойрын зайн улс төр хийсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө яаж эрээ цээрээ алдан, улайрч буйг нь харууллаа. Их шунасан хүнд эрх мэдэл бүү өг гэдэг. Тэр тусам нь дахин Ерөнхийлөгч болохын төлөө аргаа барж байгаа Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч ойртуулмааргүйг энэ үйл явдал харууллаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших квотоо АН-аас авахын тулд Х.Баттулга гэдэг хүн АН-ын дүрэмт өрсөлдөгчгүйгээр нэр дэвших өөрчлөлт оруулаад намаа хоёр талцуулсан. Энэ дүрмийн өөрчлөлтийг нь Дээд шүүх бүртгэж аваагүй тул АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвших хуйвалдаан нь нурсан. Харин одоо Цэцийн гишүүдэд  ч мөн нөлөөлөн хуйвалдаанаар шийдвэр гаргаж, хуурамч мэдээ тараатал нь Цэцийн нэр хүндийг дэвсэллээ. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүн ийнхүү энд тэндэхийн талцал хуйвалдаанд нэр холбогдон шууд болон шууд бусаар оролцож байгаа нь  энэ хүнийг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө юу ч хийхэд бэлэн болсоор байгааг харуулж байна. Ийм хүнд итгэх үү, яах вэ?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна