Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/ ХААН банкны гурван хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцсан бол үүний дараа Монголбанкны удирдлагуудтай уулзсан.
Тэрбээр энэ үеэр "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Засгийн газар амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэсэн. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ.
Засгийн газар хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв хорио тогтоовол эдийн засагт гарч буй таатай үзүүлэлтүүд автоматаар зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон" гэжээ.
Өнөөдөр ЭМЯ-наас 437 тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 370 Улаанбаатарт, хөдөө орон нутагт 67 тохиолдол бүртгэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна