УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт эцэслээгүй, гишүүд танилцаж амжаагүй байхад уг дүгнэлтийг "Оюутолгой"-н удирдлагууд хэдийнэ авч үзээд "эсэргүүцлээ" хүргүүлсэн нь УИХ-ын гишүүдийн хувьд "урвагч"-ийг тодруулахад хүргэсэн. Гэтэл энэ дүгнэлтийг өгсөн "урвагч" нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гэсэн мэдээлэл тарж эхэллээ. Энэ нь УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн А.Ундраа Америкийн Элчинд мэдээлэл дамжуулдаг байсан талаар олон улсад алдартай wikileaks.org сайтад мэдээлснийг манай хэвлэлүүд мэдээлсэн. Холбогдох хууль хяналтын байгууллагаас энэ мэдээлэл үнэн, худал эсэх, шалгаж байгаа эсэх талаар албан ёсны мэдээлэл одоо хүртэл хийгээгүй. Үнэн бол үнэн, худал бол худлыг нь мэдээлж болдоггүй юм уу. Гэтэл одоо Монгол Улсын, ард түмний эрх ашигтай холбоотой Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаарх УИХ-ын дүгнэлтийг "Оюутолгойн" эздэд урьдчилан танилцуулж тал зассан үйлдлийг эрхэм гишүүн Д.Дамба-Очир гаргасан эсэхийг хэн шалгаж тогтоох вэ? Улстөрч тэртусмаа УИХ-ын гишүүдийн хувьд эх орноосоо урвасантай ч дүйцэж мэдэх, гадаадынханд мэдээлэл дамжуулдаг төрийн түшээдтэй холбоотой энэ байдал Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлсэн, эх орноосоо урвасан үйлдэл биш гэж үү, ҮАБЗ-ийн гишүүд ээ.
Олон жилийн өмнө Элчин сайд агсны хүү Ж гэх залуу төрд ажиллаж байхдаа гадаадынханд мэдээлэл дамжуулсан үндэслэлээр “Эх орноосоо урвасан” гэх зүйл ангиар ял авч байсан. Мөн саяхандаа, 2 жил орчмын өмнө УИХ-ын гишүүн асан Батчимэгийн туслах бүсгүй мөн гадааадынханд мэдээлэл дамжуулсан хэмээн яллагдсан. Гэтэл мэдээлэл дамжуулж “эх орноосоо урвасан” гэх асуудалд хардагдаад байгаа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Ундраа нарт хамаагүй гэж үү, Улсын Ерөнхий прокурор оо. Эх орноосоо урваагүй бол Монголын эрх ашгаас урваад байгаа юм биш үү, эрх баригчид аа. Ийм хүмүүстэй хэн яаж хариуцлага тооцох вэ?...
Эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гээд байгаа. Гэтэл "Оюутолгой"-той илт ашиг сонирхолын зөрчилтэй хүн УИХ-ын Ажлын хэсэгт ороод, Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн Байнгын хороог тэргүүлж байгаа нь шударга ёс, шударга томилгоо юу, УИХ-ын дарга Г.Занданшатар аа.
УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир "Оюутолгой" компанитай эртнээс бизнесийн харилцаатай. Түүний хувийн “Очир төв ” компани Оюутолгой компаниас зарласан замын тендерт хоёр ч удаа оролцон зам барьж байсан баримтыг сэтгүүлч Б.Отгон дэлгэжээ. 2014 онд Оюутолгой- Цагаанхад хүртэл баяжмал тээвэрлэх 85 км замын 31 км-ийг нь “Очир төв ” барьж Оюу толгой компанид хүлээлгэн өгчээ. Дараа нь 2015 онд Оюутолгойн баяжмалыг Хятадын хил хүртэл тээвэрлэх Цагаанхад-Гашуунсухайт хүртэл 18 км зам барих тендэрт мөн л Д. Дамба-Очирын “Очир төв” компани шалгаран зам барьж эхэлсэн боловч явц дундаа маргаан үүсч , шүүхэд хандаж байсан түүхтэй. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Очир төв” компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Энэ нь Д.Дамба-Очир гишүүн эртнээс "Оюутолгой" компанитай бизнесийн харилцаатай байсныг баталжээ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдаж, ЖДҮ-чин гишүүд шиг мэдээлэлд ойр байгаагаа ашиглан, УИХ-ын Ажлын хэсгийн материалыг түншдээ өгч, тал засаж байгааг шалгахгүй бол өөр юуг шалгах юм бэ, АТГ-ын дарга аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна