Х.Баттулга Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг дэвшүүлэх хувилбарт шилжив үү


Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж эрхтэй эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ сарын 16-нд хэлэлцэхээр товлосон. Цэцийн 9 гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Ш.Цогтын оронд Ж.Эрдэнэбулганыг УИХ-аар Цэцийн гишүүнээр томилоод байгаа. Дээрээ хөх тэнгэрээс өөр юу ч үгүй хэмээгддэг Цэцийнхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлөх гэж удаа дараа оролдсон. Гэвч Үндсэн хуульдаа үнэнч хуульчид цагаан дээр хараар бичсэн хуулиа дагах нь тодорхой болчоод байгаа. Тиймээс Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших магадлалгүйгээ хүлээн зөвшөөрч дараагийн хувилбартаа орсныг ойрын эх сурвалжууд нь ярьж эхэллээ.

Тэрбээр АН-ын “цаасан” даргын сунгааны үеэр О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Пүрэвдаваа нарыг өрөөндөө дуудан уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргад дэмжээд нэрээ тат хэмээн тулгаж байсан.

Энэ үеэрээ хөзрөө дэлгэн О.Цогтгэрэлийг АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгоод УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн нэг баг болж ажиллая хэмээн ятгасан байдаг. Гэвч тухайн үед энэ саналыг О.Цогтгэрэл, О.Пүрэвдаваа нараас бусад нь хүлээн авалгүй тарсан гэдэг. Хэрэв би нэр дэвшиж чадахгүй бол ...гэсэн Х.Баттулгын энэ хувилбараар О.Цогтгэрэл АН-ын цаасан дарга болсон ч АН-ын жирийн гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй, Дээд шүүхэд ч бүртгүүлэх боломжгүй болсон.

Харин цахим дарга М.Тулгатыг илүү дэмжиж байгаа нь Х.Баттулгыг хувилбараа дахин өөрчлөхөд хүргээд байгаа бололтой. Учир нь АН-ын шинэ дарга М.Тулгатын хувьд АН-ын дарга асан З.Энхболдтой тун ойр. Түүний нөлөөгөөр улс төрд орж ирсэн. Намын гишүүд нь М.Тулгатыг нэгэнт хүлээн зөвшөөрөөд эхэлсэн тул улс төрд ч, хувийн бизнест ч хамтрагч хэмээн яригддаг З.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь Х.Баттулгад хамгийн ашигтай хувилбар. Тиймээс Х.Баттулга хуулийн өмнө бууж өгч, АН-ын шинэ дарга М.Тулгаттай тохиролцон АН-ын дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон албан бус Ерөнхийлөгч хэмээн нэрлэгддэг байсан ЕТГ-ын дарга З.Энхболд хоёроо сойхоор бэлтгэж эхэлжээ.

Хэн нь ч байсан л Х.Баттулгын хүн. Гэхдээ хэнийг нь дэмжихээ АН-ын жирийн гишүүд сонгох нь тодорхой болоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна