Т.Доржханд: Цэц Монгол Улсад хууль засаглах уу, хувь хүн засаглах уу гэдэгт хариулт өгсөн түүхэн шийдвэрийг гаргалаа


 

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын нэр бүхий гишүүд болон жагсагчдын шахалт дарамт, нөлөөлөл дор өнөөдөр Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар бүгд дахин нэр дэвших эрхгүй гэж үзжээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төдийгүй өмнөх дөрвөн Ерөнхийлөгч буюу П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болж байна.

Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 болон 5.4.1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгчид тавих нийтлэг шаардлагыг тусгаагүйгээс Үндсэн хуулийн 1.2 болон 30.2 дахь заалттай зөрчилдсөн гэсэн үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн ХҮН-ын хуульч Д.Үүрцайх хэллээ. Цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэх юм байна. Хэрэв хүлээн авбал энэ нь эцсийн шийдвэр болно. Цэцийн шийдвэртэй холбогдуулан энэхүү маргааныг үүсгэсэн УИХ-ын гишүүн , ХҮН-ын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр Монголын Улсын түүхэнд тэмдэглэгдэх онцгой өдөр болж байна. Цэцээс өнөөдөр засаглалын эрх мэдлийг хэрхэн хуваах вэ, Монгол Улсад ардчиллыг цааш бэхжүүлэх үү, Монголд хууль засаглах уу, хувь хүн засаглах уу гэдэгт хариулт өгсөн шийдвэр гарч байна” хэмээн онцлон үнэлсэн бол хуульч Д.Үүрцайх “Эрх мэдэл дарга ялаагүй, эрх чөлөө, ардчиллын төлөө шийдвэр гарлаа. Бид дарангуйлагчтай болох замын эхэнд байсан. Цэцийн энэ шийдвэрээр одоо Монгол улс мултарч чадлаа” гэж дүгнэлээ.

Ямартай ч Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн авсан тохиолдолд өмнөх Ерөнхийлөгч нарын өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргаж байсан алдаа, улстөржилт дахин давтахгүй болно. Тухайлбал, тэд дахин нэр дэвшихийн тулд • Анх нэр дэвшүүлсэн улс төрийн нам эвсэлд үйлчилж, УЛСТӨРЖДӨГ, • УИХ-ын хэлэлцэж буй асуудалд улстөрийн ашиг сонирхлоор ХОРИГ ТАВЬДАГ • Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд санал болгосон, томилсон албан тушаалтнууддаа НӨЛӨӨЛДӨГ байсан. Үүнийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн давтаж Цэцийн хараат бус байдалд ч янз бүрийн аргаар нөлөөлөхийг оролдсон. Энэ нь мэргэжлийн хуульч судлаачдын хувьд хамгийн сонгодог кейс болон яригдаж байна. Тиймээс Монголын ардчиллыг дарангуйллаас аварсан хэмээн хуульчдын үнэлж буй Цэцийн өнөөдрийн гаргасан шийдвэрийг УИХ хүлээн авч алдаагаа залруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна