ДЭЭД ШҮҮХ АН-ЫН ДАРГААР ХЭНИЙГ БҮРТГЭХЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ ШАЛТГААЛНА


Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалаа тавдугаар сарын 2-5-нд СЕХ-нд хүргүүлэх учиртай. Энэ хугацаа болоход 10 гаруйхан хоног үлдчихээд байхад цаасан, цахим 2 даргатай болчихсон АН-ынхан хэнийг нь яаж Дээд шүүхэд бүртгүүлэхээ шийдэж чадахгүй сууцгааж байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны тамгаа дагавал Улсын Дээд Шүүх М.Тулгатыг намын даргаар бүртгэх учиртай. Улсын Ерөнхийлөгчийн дэмжиж байгааг нь харгалзвал УИХ-ын эрхэм гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх болчихоод байгаа. Тиймээс Дээд шүүхэд АН-ын шинэ даргыг бүртгэх эсэх асуудал Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэнтэйгээ адил олон хардлага сэрдлэгийг төрүүлж эхлээд байна. Магадгүй маргаантай байгаа АН-ын хоёр даргыг хоёуланг нь бүртгэхээс татгалзах эрх ч Дээд шүүхэд бий. Аль ч тохиолдолд АН-ын даргын асуудал Дээд шүүх дээр хэрхэн шийдэгдэхээс тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх хувь заяа шийдэгдэх болоод байна. Тиймээс АН-ынхан ирэх 7 хоногт багтаан Дээд шүүхэд даргаа бүртгүүлэхээр тамгатай, тамгагүй талууд аль аль нь санаа тавьж эхэлжээ. Ялангуяа “цаасан” дарга сонгосон Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй УИХ-ын гишүүдийн дэмжиж гаргасан О.Цогтгэрэлийнхэн шүүх дэх нөлөөллөө ашиглаж эхэлсэн бололтой. Гэвч Х.Баттулгын хонгилын шинэ шүүгчидтэй холбоотой баримт бичлэг тарж, дуулиан шуугиантайгаар илчлэгдсэнээс болоод Дээд шүүхийн шүүгчид Ерөнхийлөгчийн нөлөөллөөс тун их болгоомжилж байгаа мэдээлэл байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна