ШИЛДЭГ ФРАНЧАЙЗААР ШАЛГАРСАН "БУРГЕР КИНГ" ШИЛДГЭЭ БАТАЛЖ ЧАДАХ УУ


Монголын бизнесийн салбарт тэргүүлж буй шилдгүүдийг шалгаруулах “Forbes Mongolia Awards 2019” ёслолоос хэдхэн хоногийн өмнө  "Олон Улсын Франчайзыг амжилттай нэвтүүлэн хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар" шалгарсан "Макс центр" ХХК-ийн Монгол дахь "Бургер Кинг" сүлжээний Хан-Уул дүүрэг дэх салбарын түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн  иргэд хордлогын шинжтэй ХӨСҮТ-т хүргэгдэн эмчлүүлээд 2 хоног өнгөрч байна. Тухайн өдрийн 12.00 цагийн байдлаар 3 хүн ирсэн нь үдээс хойш нэмэгдсэн гэх мэдээллийг өгч байв. Урьдчилсан байдлаар цусан суулга гэсэн оноштой эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн шинжилгээний хариуг хүлээж байгаа юм байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр тус газрын хоолноос 32 төрлийн дээж авсан бөгөөд хариу нь маргааш гарна.  Тиймээс одоогоор хордлого юунаас болсон нь тодорхойгүй байгаа. Гэхдээ "Бургер Кинг"  түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн нэг биш нэлээд хэдэн хорлогод орсон нь "Бургер кинг"-ийг хардах шалтгаан болж байна.

Үүнээс өмнө мөн л олон улсын франчайзыг нэвтрүүлэн хэрэгжүүлэгч KFC түргэн хоолны газраас үйлчлүүлсэн хүмүүс хордож байсан ч ариун цэвэр сахиагүй ажилтан, ус 2 буруутан болоод үлдсэн. Харин одоо "Бургер кинг" -ээр үйлчлүүлэгчдэд илрээд байгаа хордлогод хэн буруутан болж, ямар хариуцлага хүлээлгэхийг хүлээх л үлдлээ.

PS:   "Бургер Кинг"  сүлжээ ресторан нь "дэлхийн стандартыг Монголд хэрэгжүүлэгч" гэсэн тодотголтойгоор 2015 онд Монгол Улсад анхны салбараа нээж байсан.  Одоо  11 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. "Бургер Кинг" нь дэлхийн 100 гаруй оронд 18000 гаруй салбарт нэгэн ижил стандартын дагуу үргэлж шинэхэн, эрүүл орцоор, ил гал дээр шарсан махтай амтат бургерээр үйлчилдэг хэмээн сурталчилдаг. Гэвч үнэхээр дэлхийн стандартаар Монголчууд бидэнд  үйлчилж чаддаг эсэхийг шинжилгээний хариу батлах биз ээ. Монголын шилдэг франчайз "Бургер кинг" шилдгээ баталж, Монголын үндэсний шилдэг компаниудын нэг "Макс"-ынхан хариуцлагатайгаа гэдгээ харуулах л үлдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна