Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр " Хэдийгээр вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг боловч КОВИД-19 нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болж, улс орнуудын өмнө маш том сорилт болж байна. Өөрөөр хэлбэл вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.
Тиймээс вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.
Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор боллоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна