Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаан яг одоо үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гарлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвд хотоос найман төвд хот болгох бодлогын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн албыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх ЗГ-ын тогтоолыг баталлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар, санхүүгийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу зэрэг их, дээд сургуулийг нүүлгэхтэй холбоотой төлөвлөгөөг танилцуулах үүрэг болголоо" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
- Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүнэ. Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэд дэд төвүүд байгуулсан. Цаашид дээрх төвүүдэд зарим Яам, Тамгын газруудыг нүүлгэх асуудал яригдаж байна.
- Яармагт төлөвлөлт муу болсон талаар Нийслэлийн Засаг даргын зүгээс ч гэсэн мэдэгдсэн. Хотын захиргааны зүгээс Яармаг рүү нүүлээ гэхэд замын түгжрэл, ачааллыг нэмэхгүй байхаар дотооддоо зохион байгуулалт хийнэ. Юун түрүүнд цагийн хуваарийг зохицуулна. Ер нь Яармаг чиглэлийн замын түгжрэлийг бууруулах ажлуудыг төлөвлөж байна. Нүхэн гарцын төсөл 2022 оноос хэрэгжинэ.
- Шинэ барилга гурван блок хэсэгтэй. Одоогоор нэг блок нь ашиглалтад орсон. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Хамгийн түрүүнд иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөсөн. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх жилийн намар гэхэд бүрэн дуусна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна