Б.Жавхлан: Хүүхдийн 100 мянга, хог, дулаан, цахилгааны хөнгөлөлтийг нэгдүгээр сарын 1-нээс зогсооно


Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлжээ. Энэ үеэр Б.Жавхлан:

- Ирэх оны төсөв цар тахал үргэлжлэх үү, зогсох уу гэх цаг хугацааны хайчин дунд явна. Ирэх 2021 онд дэлхийн эдийн засаг ёроолдоо хүрч унаад сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлт энэ оны төвсийн гол бодлого. Ингэхдээ төсвөөс гарах урсгал зардал бүр үр өгөөжтэй, эдийн засаг, бизнесийн салбарын хөгжлийг дэмждэг байхаар тусгасан. Мөн өнгөрсөн 4 жил Засгийн газар утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ. Манай улсад 198 мянган төрийн албан хаагч байдаг. Төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээс авдаг байх зарчмаар төрийн бүтцийг цомхоно болгох чиглэнэ.

- Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ. Хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно.

Харин хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД-19-ийн өмнөх түвшинд буулгана гэсэн байсан ч тодотголын хүрээнд ирэх оны эхний хагаст хүүхдийн мөнгийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх болсон. Хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий.

Жишээлбэл ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах буюу хүүхдүүд мөнгөө хуримтлуулах боломжоор хангах явдал. Энэ хуримтлал нь зүгээр нэг дэвтэр дээр бичигдэх бус Ирээдүй өв сангаас баталгаажсан байх, шаардлагатай үед 50 хүртэлх хувийг нь өгдөг байх буюу халамжаас нь хуримтлал руу цаашлаад хөрөнгө оруулагч руу шилжүүлэх бодлогыг эхлүүлнэ. 2022 онд Хүүхдийн мөнгө 100 мянгаас шууд 20 мянга руу буурах нь хэрэглээний түвшинд шок үүсэх магадлалтай. Тиймээс аажмаар шилжилт хийх хувилбарыг төсөвт суулгасан. Эцэслэж танилцуулах хараахан болоогүй байна.

Хэрэв хүүхдийн мөнгийг Ирээдүй өв сангаар баталгаажуулаад 6 наснаас эхлээд 18 нас хүртэл хуримтлуулбал 19-20 сая төгрөгийн хадгаламжтай болж, энэ нь цаашлаад хөрөнгө оруулагч иргэн болж, нийгэмд гарч ирнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна