LIVE: Засгийн газар Олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал, орон сууцаар шагнаж байна


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдаа өнөөдөр хүлээн авч, шагнал гардуулж байна.

Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан.

Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн.

Түүнчлэн  “Токио-2020” зуны паралимпын XVI наадмаас пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн билээ.

Засгийн газраас олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Мөн паралимпын алтан медаль хүртсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тогтоол батлаад буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна