Улстөрийн хоёрдогч хүчнээр ХҮН албан ёсоор ТОДОРЛОО


УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдаж, Монголын улс төрийн “цаг агаар” ямархуу байгааг олон нийтэд харууллаа. 

Энэ удаагийн нөхөн сонгууль АН-д ашигтай  байсан. МАН-аас МАХН-ын Н.Энхбаяртай хийсэн тохиролцооны дагуу Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн нь олон хүнд таалагдаагүй.  Дээр нь түүний рейтинг нь олны дунд сайн биш тул АН-ынхны хувьд “зөөлөн боорцог”. Учир нь АН-аас хуучуулын нэг нь нэр дэвших нь ойлгомжтой байсан тул өрсөлдөөн нь улстөрийн хүрээнд хүлээлт үүсгээд байсан юм.

             Харамсалтай нь АН улс төрийн хоёрдогч хүчний байр сууриа ХҮНамд алдсанаа дахин  батлав.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮНамынхан сонголт бий болгож, Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Хэрэв Д.Энхбат халдвар аваагүй бол У.Хүрэлсүхтэй зуузай холбох магадлал байсныг гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын сонголт илэрхийлдэг. Гэсэн ч тэр сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авч чадсан. Харин Монголын улс төрд 30 жил хоёрдогч хүчин гэгдэж ирсэн АН-ынхан нийт сонгогчдын дөнгөж 6 хувийн дэмжлэгийг авсан. Ардчиллынхан дэмжлэг авч чадаагүй шалтгаанаа нэр дэвшигчийнхээ нийгмийн байр сууриас л боллоо хэмээн буруутгасан. С.Эрдэнэ л болоогүй, чадаагүй, болох ч учиргүй гэж биенээ хэмлэсэн.

                 Гэвч асуудал нэр дэвшигчид бус нийт ардчиллынханд байгаа гэдгийг нөхөн сонгууль  харууллаа.

Энэ удаагийн нөхөн сонгууль АН-ынханд амьсгаа авах боломж байлаа. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар УИХ-ын гишүүнээр сонгогдчихвол намын дотоод хагарал, УИХ дахь бүлгийн унхиагүй байдалд ихээхэн тус болох байв. Тиймдээ ч АН-ыхан энэ удаагийн нөхөн сонгуульд бүх хүчээ хаясан. Өөрсдийнхөө хамгийн том лидер болох “Улсын баатар”-аа хүртэл өрсөлдүүлж, намынхаа асуудлыг түр хойш тавьсан. Харамсалтай нь сонгогчдынхоо итгэлийг нэгэнтээ алджээ, энэ нам. Сонгино хайрхан дүүрэгт  4,925, Хэнтий аймагт 3544 хүний санал авсан байна.

Ирцийн асуудлаас болж СЕХ-ноос нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн ч эцсийн дүнд нэг их өөрчлөлт гарахгүй. Учир нь нэмэлт санал хураалт бол нэр төдий үйл явц. Учир нь ирэх ням гарагт болох уг санал хураалтад ирцийн босго тавихгүй.  Нэг хүн санал өгсөн ч түүнийг нь эцсийнх гэж тооцох хуулийн заалттай тул АН-ынхны хувьд энд хүрээд тоглоом дуусаж байх шиг байна.

Харин одоо тэд дотоод хагарлаа хэрхэн шийдвэрлэх бол. Намынхаа тамгыг хэн нь авч, шинэчлэлийг яаж хийх бол. Залуучуудаа хэрхэн дэмжиж, "зай тавилт"-ыг хэрхэн зохион байгуулах бол. Анхаарал татна...

Б.Ариунзаяа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна