Арваннэгдүгээр сарын 8: Рентген туяаг илрүүлэв

Админ
2021/11/08

Дэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 8-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1895 оны арваннэгдүгээр сарын 8. Рентген туяаг илрүүлэв

Германы физикч Вилхелм Конрад Рентген 1895 оны арваннэгдүгээр сарын 8-нд "X-Ray" буюу рентген туяаг илрүүлжээ.

Энгийн нүдээр үзэх боломжгүй зүйлсийг харах боломжтой болгосон уг нээлт нь анагаах ухааны салбарт хамгийн их нэмэр болсон.

Вилхелм лабораторидоо катодын туяа шилийг нэвтэлж чадах эсэхийг туршиж байхдаа хавтан дээр гэрэлтэх үл мэдэх туяаг илрүүлсэн тул "X-Ray" хэмээн нэрлэжээ.

Рентген туяа нь цахилгаан соронзон бүхий энергийн долгион бөгөөд долгионы урт нь гэрлийн туяанаас 1000 дахин богино байдаг.

2013 оны арваннэгдүгээр сарын 8. Хайян хар салхи Филиппинд хүрэв

Халуун орны хамгийн хүчтэй хар салхинуудын нэг "Хайян" 2013 оны арваннэгдүгээр сарын 8-нд Филиппин улсад хүрчээ.

185 км/цаг хурдтай шуурганы улмаас Филиппиний 80 мужийн 60-д нь онц байдал зарласан бөгөөд 6300 хүний амийг авч оджээ.

Түүнчлэн Вьетнамд 14, Хятадад 30, Тайваньд 8 хүн нас барсан бөгөөд шуурганы улмаас 2.98 тэрбум ам.долларын хохирол учирсан.

Арваннэгдүгээр сарын 3-нд бүрэлдсэн шуурга арваннэгдүгээр сарын 11-нд намжсан бөгөөд дээд хурд нь 315 км/цаг хэмээн бүртгэгджээ.

1956 оны арваннэгдүгээр сарын 8. "Arend–Roland" сүүлт одыг илрүүлэв

Бельгийн одон орон судлаач Силвиан Аренд, Жорж Роланд нар 1956 оны арваннэгдүгээр сарын 8-нд "Arend–Roland" сүүлт одыг илрүүлжээ.

Энэ нь 1956 онд олсон найм дахь сүүлт од бөгөөд 1957 онд перихелион(наранд хамгийн ойртох цэг)-доо хүрчээ.

Arend–Roland нь янз бүрийн радио давтамжаар илрүүлэх гэж оролдсон анхны сүүлт од боловч тэдгээр оролдлогын аль нь ч амжилт олоогүй.

Сүүлт од перихелионы үедээ секундэд дунджаар 83 тонн тоосонцор, түүнээс арав дахин их хий ялгаруулж байгааг тогтоожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна