Түүхч, зохиолч Рон Черновын бичсэн Жон Д.Рокефеллерийн намтар болох Titan: The Life of John D. Rockefeller, Sr номын хэсгээс хураангуйлан хүргэж байна.
Дэлхийн газрын тосны аж үйлдвэрийг бүтээн байгуулах ажлыг оройлон оролцсон түүний гавьяа нь ч их, балаг нь ч их. Түүний АНУ-ын түүхэнд ямар их гай удсаныг уншихыг хүсвэл тухайн үеийн Рокефеллерийн номер нэг шүүмжлэгч гэгдэж байсан Ида Тарбелийн (Ida Tarbell) бүтээлүүдийг унших хэрэгтэй болов уу. Харин энэхүү нийтлэлдээ түүний нийгэмдээ үлдээсэн өв, үнэт зүйлийн тухай тэмдэглэн үлдээхээр шийдлээ.
Жон Рокефеллерийн байгуулсан Стандарт Ойл компани 1920-оод оны оргил үедээ 80,000 орчим америкчуудыг америк даяарх үйлдвэртээ ажиллуулж, мэргэшүүлж, тэдний амьдралыг дээшлүүлэхэд асар их гавьяатай ажиллажээ. 1929 оны их хямралын үеэр Стандарт Ойлын компаниуд нэг ч хүнээ халаагүй. Харин ч ажилчдынхаа нийгэм, эрүүл мэнд, гэр бүлийнхнийг нь халамжлах, дэмжих тэтгэврийн сангийн системийг бүрдүүлжээ. Өнөөдөр л гэхэд Стандарт Ойл-ын үе залгамжлагчид болох ЭксонМобил (Exxon Mobil), Шеврон (Chevron), Бритиш Петролиум (BP) нь дэлхийн шилдэг 500 компанийн эгнээнд багтаж, дэлхий даяар 230,000 хүмүүсийг ажлын байртай байлгаж, жилийн орлого нь л гэхэд 630 тэрбум (2017 оны байдлаар) ам долларыг давж байна.
Тухайн үедээ дэлхийн нэг номерын баян, анхны ам долларын тэрбумтан байсан Рокефеллер жилийн орлогоосоо их хэмжээний мөнгийг буяны үйлс, сургууль, цэцэрлэг, их сургууль, судалгааны хүрээлэн, олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, тэр бүү хэл хямралын үед ажилчдын ажлын байрыг хамгаалах санд хэдэн арван сая долларыг хандивлаж байжээ. Нас барахдаа түүний нийт хөрөнгө нь дөнгөж, тухайн үеийн ханшаар, 26 сая доллар л байж. Үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээсэн хөрөнгө нь ихэнх нь үнэт цаас байснаас гадна, тэн хагасаас илүү нь Рокефеллерийн гэр бүлийн буяны сангийн (Rockefeller Foundation) мэдэлд байсан аж (өнөөдөр ч бас).
Түүний гэр бүлийнхэн баптистууд (Baptist) байсан ба тэрээр бага наснаасаа л charity буюу бусдад туслах, ялангуяа мөнгөн тусламж, нийгэмдээ (community) буцааж өгөх нь хүнд байвал зохих эрдмүүдийн нэг хэмээн хүмүүжжээ. Рокефеллер бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө өөрийн сүмдээ мөнгөн хандив өргөх, өнчин хүүхдүүдэд хичээл заах зэргээр буян хийсээр иржээ.
Рокефеллерийн буяны сан нь АНУ-ын арван жилийн боловсролын системийг сайжруулах ажил, олон нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн стандартыг дээшлүүлэх ажил, орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан анагаах ухаан, оношлогоо ба эмчилгээ, эм судлалын дэлхийн томоохон институц болон их сургууль (Rockefeller University) зэргийг бүгдийг нь дан өөрийн хэтэвчнээс санхүүжүүлж байжээ. Бараг л төрийн ажлыг хийж байсан гэхэд хилсдэхгүй.
Өнөөдрийн дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Чикагогийн Их Сургуулийг байгуулахад дийлэнх санхүүжилтийг гаргасан хүн нь бас л Рокефеллер. Ганц Чикаго биш Харвард, Браун, Жон Хопкинс их зэрэг дэлхийн топ их сургуулиудын олонх нь Рокефеллерийн сангаас ямар нэг байдлаар мөнгөн тусламж авчээ.
Нью-Йорк хотод сүндэрлэх орчин үеийн урлагийн гайхамшигт бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгохоор байгуулсан Орчин Үеийн Урлагийн Музейг (Modern Art Museum) бас л тэд санхүүжүүлэн байгуулсан.
Тэрбээр энэ бүх буяны үйлүүдийг ганц л нөхцөлтэйгөөр санхүүжүүлжээ. Бүх шатны сургууль болон бусад боловсролын байгууллага бол Америк иргэдийг нэгт боловсролтой иргэн болоход, хоёрт мэргэжлийн өндөр түвшний мэдлэг бас чадвартай дэлхийн мэргэжилтэн болгоход анхаарах, гуравт шинэ мэдлэг болон инновациар дэлхийд тэргүүлэх. Эмнэлэг бол америкийн ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж, оношлогоо, шинжилгээ болон эмчилгээний шинэлэг, шилдэг техник ба технологийг тогтмол нэвтрүүлэх. Шашны байгууллага нь америкийн ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэх ба тэдний шашинд өгсөн итгэлийг хөсөрдүүлэхгүй өндөрт өргөж явах гэсэн л шаардлагууд байжээ.
Газрын тосны аж үйлдвэрт түүний хийсэн бүтээснийг энд нэг мөр тоочвол урт жагсаалт гарна. Стандарт Ойл Компани нь өнөөдрийн газрын тосны бүхэл бүтэн аж үйлдвэрийн тогтолцоо, үүнийг дагасан аж үйлдвэрийн дэд салбарууд, тэдгээрийн бүтэц болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлжээ.
Тус компани газрын тос олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах бүх шатанд улс дамнасан дэд бүтцийг байгуулж, стандарт тогтоож, олон америкчуудыг хими, физик, менежмент, маркетинг, борлуулалт зэрэг салбар бүртээ олон улсын өндөр түвшний мэргэжилтэн болгож төлөвшүүлсэн.
Хэдий тухайн үедээ муугаар хэлэгдэх тохиолдол олон байсан ч гэсэн америкийн аль ч хэсгийн хамгийн ядуу гэр бүл Стандарт Ойл компанийн бүтээсэн маш хямд керосиноор гэр орноо гэрэлтүүлж, дулаацуулж байсныг Рокефеллерийн шүүмжлэгчид хүртэл сайшаадаг. Эдийн засгийн хямралын үед ч бай, цэцэглэлтийн үед ч бай АНУ-ын төрийн бондыг тогтмол их хэмжээгээр худалдаж авдаг байсан нь түүний төрдөө итгэх итгэл болон дэмжлэгийг илтгэж байжээ.
Дашрамд дурдахад, Ж.П.Морган, Ротшильд, Вандербилт зэрэг америкийн аж үйлдвэр болон санхүүгийн магнатуудын буяны үйлсэд зориулсан мөнгөний хэмжээ, буяны ажлыг дурдвал урт жагсаалт гарна.
Нүглээ наманчилж байгаа нь л тэр шүү дээ хэмээн хэлэх нэгэн байх нь гарцаагүй. Боловсрол, эрүүл мэнд зэрэг улс орон, ард иргэдэд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж нүглээ наманчилж байгаа нь хөшөө эсвэл суварга босгосноос хавьгүй дээр болов уу хэмээн хувьдаа бодно.
Эдгээр хүмүүсийн нэртэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, олон нийтийн парк цэцэрлэг хүрээлэн, алжаал тайлах төв, олон нийтийн резорт зэрэг нийгмийн сайн сайханд үнэгүй хандивлаж өгсөн байгууламжууд Америк, Европ даяар бий. Рокефеллер Нью-Йорк муж дах томоохон тансаг эдлэн газруудаа олон нийтийн аялал зугаалга, амралтын соёлыг дэмжих зорилгоор нийтийн өв санд хандивласан. Интернетээс хайгаад үзэхэд л ямар тансаг орд харш мэт байгууламжууд болохыг олж мэднэ.
Өнөөдөр Стандарт Ойлын галыг манаж үлдсэн ЭксонМобил, Шеврон, Бритиш Петролиум зэрэг компаниуд бүгд хөрөнгийн бирж дээр олон нийтэд арилжаалагддаг хувьцаат компаниуд бөгөөд нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч, газрын дулаан, байгалийн хий, устөрөгч зэрэг альтернатив эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж ирээдүйдээ бэлдэн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна