Танхайн хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хариуцлага хүлээхгүй үлдэх үү!

Админ
2021/11/12

Улс төрд сонгогчдоо төлөөлөх үүрэгтэй УИХ-ын гишүүдэд холбогддоггүй гэмт хэрэг гэж  үлдсэнгүй. Албан тушаал, авлигын хэргээс эхлээд хүчин, хулгай сүүлдээ бүр танхайн гэмт хэрэгт холбогддог болчихож.  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүн зодож, хүндээр гэмтээсэн тухай мэдээлэл чих дэлсэв.

“Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан гэгддэг тэрбээр компаниа БНХАУ-ын хөрөнгө оруулалттайгаар “Болд Төмөр ерөө гол” болгон өргөжүүлж, томоохон улс төрчдийн нөлөөгөөр төмөр замын тээврийг атгандаа оруулсан. Улс төрд орж ирсэн цагаасаа эхлэн нүүрсний бизнест УИХ-ын гишүүний нөлөө, урд хойдох хамтарчтайгаа дөрөө нийлж давхисаар өдгөө энэ салбарын магнагт болчихсон. Дорноговь, Говьсүмбэрийн нүүрсийг чухам энэ хүн л мэдэлдээ оруулж, хэдэн компанийг нь хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг гэдгийг нутгийнхан ил цагаан ярьдаг юм билээ.

Гэвч түүний цаглашгүй шуналд тээг учирсан бололтой. Эрхэм УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээн, орчуулагчийг нь хэл амаар доромжилсон тухай мэдээлэл түгсээр байна.

“Зам гүүрийн хорьдугаар товчоон” гэдэг Хятадын компанийг монголчууд төдийлөн мэдэхгүй. Харин Яармагийн давхар гүүр, Замын цагдаагийн урдах гүүрийг барьсан компани гэвэл нийслэлчүүд хийсэн бүтээсэн бүтээн байгуулалтаар нь андахгүй. Тус компанийн инженер Чен Хо-г гишүүн Б.Дэлгэрсайхан ЧГД-ийн гуравдугаар хороонд байрлах, “Теди” төвийн урд талын оффистоо удаа дараа дууджээ. Улмаар өчигдөр /2021.11.11/ инженер Чен Хо, орчуулагч Ван Дү Мэг нар УИХ-ын эрхэм гишүүнтэй уулзахаар очтол маргаан үүсэж Б.Дэлгэрсайхан Чен Хог балмад маягаар зодсон байна. Хэрэг явдлын дараа эмнэлгийн байгууллагад хандтал Чен Хо-гийн хамар хугарсан, тархинд цус хурсан, өвдөг бяцарсан, шилбэ орчим 10 см гүн зүсэгдсэн байжээ.

Гэвч энэ хэрэг өнөөдөр шуугиад л дарагдах магадлал өндөр байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Би суга таягтай хүн” гэх утгатай тайлбар өөрийн хүмүүсээрээ өгүүлж, хохирогч БНХАУ-ын иргэд ч амаа үдүүлсэн маягтай, хэвлэлийнхнийг халгаахгүй байна. Танил гэмээр энэ сценари хэрэг явдлыг мартагдуулж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг уснаас хуурай гаргах тактик ажиллаж эхэлснийг харуулах мэт.  Уг нь эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Тиймдээ ч эрх баригчид хууль санаачилж, итгэл алдарсан хөрөнгө оруулагчдаа урин дуудахаар өдөр шөнөгүй ажиллаж буй. Харамсалтай нь дураараа аашилдаг, дунд чөмгөөрөө эргэдэг Б.Дэлгэрсайхан мэтийн УИХ-ын гишүүнээс болж, МУ хөрөнгө оруулагчдаа дээрэлхдэг, зоддог, цаашлаад амь насанд нь заналхийлдэг гэх мессэжийг дэлхийн улс орнуудад өгөхөөр болчихлоо.

Төрд тангараг өргөсөн ч түмнийхээ төлөө бус түрүүвчнийхээ зузаанд сэтгэл нь чилээдэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү балмад хэрцгий явдлыг ЦЕГУЕП, УИХ анхааралдаа авч, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол дэлхийн улс орнуудын өмнө шившиг болж дуусах нь. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна