Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн зарим ААН-үүд хохироод үлдэх нь

Админ
2021/11/30

Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч хэрэглэгчдийн үйл ажиллагаа, хэрэглээний төвшинг нягтлан, үнэлгээ хийж үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжийг тогтоодог. Өөрөөр хэлбэл цахилгааны эрчим хүчээ хэмнэх үүрэг бүхий аж ахуй нэгжүүдийг тодруулдаг. Эрчим хүчээ хэмнэх энэ бодлого мэдээж олон талын ашиг тустай. Хамгийн гол нь хуулийн дагуу үүрэг хүлээж буй ААН-дэд бүр ч илүү тустай байх учиртай. Гэвч цөөн ажиллах хүчинтэй байгууллагын хувьд энэхүү үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байна.

Цар тахлын хүнд үед хувийн ААН-үүд аль болох зардлаа хэмнэж, COVID-ийн шуурганд өртөлгүй, тэсч гарахаар эрвийх дэрвийхээрээ л хичээж буй. Хэмнэлтийн зардлын №1-т эрчим хүч бичигддэг. Хэдийгээр одоогоор цахилгааны зардлыг улсаас дааж байгаа ч юм гэдэг хязгаартай. Он гараад ААН, айл өрхүүд цахилгаан, дулааныхаа үнийг өөрсдөө төлнө. Тиймээс эртнээс хэмнэлтийн горимд шилжих нь байгууллагуудад илүү тустай, ашигтай. Гэвч эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн цөөн ажилчидтай байгууллагын хувьд үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байгаа төдийгүй эрчим хүч хэмнэж чадаагүй гэх шалтгаанаар давхар хариуцлага тооцуулахад хүрээд байгаа талаар төлөөллүүд нь учирлаж байна.

Цахилгаан эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн ААН-үүд нь

-          Эрчим хүч хэмнэлтийн менежер гэх албан тушаалыг бий болгох.

-          Тухайн ажилтан нь байгууллагадаа багадаа 3 жил ажилласан, цаашид 3 жил ажиллах цахилгааны юмуу барилгын инженер хүн байх.

-          Жил 400 мянган төгрөгийн төлбөртэй онлайн сургалтад заавал суух.

-          Эрчим хүчний аудит заавал хийлгэж дүгнэлтээ ЭХЗХ-нд хүргүүлэх.

-          Нийт ажилтнууддаа жилд 1-2 удаа бас заавал энэ төрлийн сургалтад хамруулах зэрэг шаардлагуудыг хангах ёстой. Хэрэв дээрх шаардлагуудыг хангаж чадахгүй бол хариуцлага хүлээх журамтай.

Тухайлбал, ихэнх зочид буудлын хувьд эдийн засгийн хүндрэлийн энэ үед 3-4 ажилтантайгаар дүнгэн данган ажиллаж буй. Орлого тасарсны улмаас зарим ажилчдаа чөлөөлсөн байгууллагын хувьд шинээр ажлын байр бий болгох боломжгүй. Гэтэл ЭХЗХ-оос үүрэг хүлээсэн гэх шалтгаанаар Эрчим хүч хэмнэлтийн менежер орон тоог бий болго, 400 мянган төгрөгийн төлбөртэй сургалтад суулга, Эрчим хүчний аудит заавал хийлгэж дүгнэлтээ ЭХЗХ-нд хүргүүл, жилд 1-2 удаа бүх ажилчдаа сургалтад хамруул гэж шахаж байгаа нь өнөө цагт нүдээ олохгүй байна.

Төрийн байгууллагын хувьд энэ шаардлагууд гарын үзүүрийн ажил байж мэдэх ч нэг ажилтан нь 3-4 хүний ажлыг хийдэг ААН-ын хувьд 10 хоног ажлын 8 цагийн турш сургалтад суух ажилтангүй, аудит хийлгэх хөрөнгөгүй, хүн хүчгүй байгаа нь нөхцөл байдлыг дордуулсаар байгаа аж.

COVID-ийн хөлд хамгийн их үрэгдсэн салбар нь аялал жуучлал, зочид буудал. Хүнд үеийг даван туулахын тулд бүх салбарууд цаг үетэйгээ нийцүүлж гаргасан журам, дүрмээ өөрчилж байна. Эрчим хүчний зохицуулах хороо энэ тал дээр мэдрэмжтэй хандаж, гаргасан журмаа уян хатан болгохгүй бол энэ мэтчилэн төрийн дарамт шахалт хөл дээрээ арай хийн тогтож буй ААН-үүдийг унагах эрсдэлийг бий болгож мэдэх нь.

Уг нь хуулиараа аудитыг хувийн байгууллага сайн дурын үндсэн дээр хийлгэдэг. Гэтэл хүчээр шахуу аудит хийлгүүлж байгаа нь хууль давсан зөвлөмж болчихоод байгаа нь нууц юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна