Тус сайт нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр " ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн "Хаан жимс" тэргүүлж байна" гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Энэхүү нийтлэл нь Н.Алтанхуягийн нэр хүндэд халдсан гэж шүүхийн шийдвэр гарсан тул уучлалыг хүсэж байна. Шүүх Н.Алтанхуягийн ТЭДС-аас 150 сая төгрөгийн хүүгүй зээл компанидаа авсан нь баримтаар нотлогдсон ч 750 сая төгрөг гэж мэдээлсэн нь түүний нэр хүндэд халдсан гэж үзсэн юм.
Гурван жилийн хугацаа өнгөрсөн тул энэхүү маргаантай холбоотой мэдээллийг эргэн сануулья
2018 оны 11 дүгээр сард буюу ЖДҮ-гийн дуулиантай зэрэгцэн гарсан энэ мэдээлэлтэй холбогдуулан Н.Алтанхуяг ТЭДС-аас ганц ч төгрөгийн зээл аваагүй, компанийн болон хувь хүний нэр төрийг гутаалаа хэмээн “Цензургүй ярилцлага”-ын ярилцлагад орохдоо мэдэгдэж, компани болон хувь хүнийхээ нэр дээр Чингэлтэй дүүргийн цагдаа, шүүхэд тус бүр 4 гомдол, нэхэмжлэл гаргаж байлаа. Энэ гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурор Н.Алтанхуягийн гомдолд Зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг тухайн үед хаасан.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх tvmongolia.mn сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан шаардлагатай бүх баримтыг ХХААЯ болон ТЭДС-аас гаргуулан авч, шүүн хэлэлцээд Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд байхдаа ТЭДС-аас хүүгүй зээл авсан нь баримтаар нотлогдсон, энэ нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд ёс зүйд нь нийцэхгүй үйлдэл болсон талаар tvmongolia.mn сайт мэдээлсэн нь үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасан юм. Харин дээд шатны шүүх энэ үйл явдлаас хойш 3 жилийн дараа буюу 2021 оны 6 сард хуралдаж, Н.Алтанхуяг хүүгүй зээл авсан нь үнэн байна. Гэхдээ 150 сая төгрөгийн зээл авсныг 750 сая төгрөгийн зээл авсан гэж бичсэн тул tvmongolia.mn сайт Н.Алтанхуягаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна