Саяхандаа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өмссөн дээлнүүдийг гайхан биширч байлаа. Чухам дээл зохидог, гоё ганган, хөөрхөн гээд л сайлах үгээ олж ядаж байсан ч магтсан хүүхэн хуримдаа гэгчээр 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг Гадаад харилцааны яамны үнэн төрхийг илчлэв.
БНСУ-ын сургуулийн сурагчид 13 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэрэг олны эгдүүцлийг төрүүлсээр байна. 14-16 насны дөрвөн охин Монгол охинд нь хүчээр архи уулгаж, татсан тамхиныхаа үнсийг идүүлж, бүтэн зургаан цагийн турш зодож, хоёр хоног гэртээ хорьсон уг хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан ч ГХЯ-ныхан өнөөдрийг хүртэл мэдээгүй гэж мэлзэв.
Түүгээр ч үл барам хэвлэлийнхэн ГХЯ-наас хэргийн талаар тодруулах гэсэн боловч Сайдаасаа эхлээд бүх өндөр албан тушаалтнууд нь хэвлэлийнхнээс зугтаж, Консулын газар нь бүр хаалгаа таг түгжжээ.
Угтаа гадаад байгаа иргэдийнхээ эрхийг Гадаад харилцааны яам хамгаалах учиртай. Хэрэг гарсан даруйд нь анхааралдаа авч, хэргийн мөрдлөгийн явцад хяналт тавьж, цохих газраар шударгаар шийдүүлэхэд нь, шаардлага үүссэн нөхцөлд хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх ёстой байв. Харамсалтай нь Гадаад харилцааны яам хэвлэлийн мэдээнээс цааш гарсангүй.
Ямар сайндаа л хохирогч охины ээж “БНСУ-ын цагдаа нар хүн гэж авч хэлэлцдэггүй. Охиныг минь хүчирхийлж буй бичлэг нь байхад хэргийг шийдвэрлэхгүй удаж байна. Охин минь одоо ч дарамтад орсон хэвээр. Одоо бүр нийлдэг найзууд нь хүртэл шоолдог болсон” хэмээн аргаа баран ярьж суухав.
Ийнхүү манайхныг паанигт орж байх зуур БНСУ-ын хэвлэлүүд Монгол охины эрхийг хамгаалахаар нэгджээ. БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар Монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг "MBC" болон хувийн "JTBC" суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ГХЯ болон Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын яамныхны хийж чадаагүй ажлыг БНСУ-ын хэвлэлүүд хийхээр шийджээ.
Ганган дээлээ гайхуулах бус гадаадад байгаа иргэдээ анхаарахгүй бол ажлыг чинь гадаадын хэвлэлүүд хийж, цэцэг цэврүү охид минь цэвдэг сэтгэлтнүүдийн гарт хорлогдсоор байна Б.Батцэцэг сайдаа!
Б.Ариунзаяа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна