Манай улс үйлдвэрлэгчдэдээ яаж дарлах уу, яаж унагааж, дампууруулах вэ гэдэг бодлого барьдаг гэхэд нэг их дэлссэн болохгүй. Түүхий эд дээр нь байж болох бүхий л хэлбэрээр татвар ногдуулна, түмэн зовлон туучиж арай гэж үйлдвэрлэсэн барааг нь төр нь голж шилнэ, үл мэдэгдэх шалтгаанаар авахаас татгалзана. Тэгсэн атлаа ижил нэрийн бүтээгдэхүүнийг нь импортоор НӨАТ болон Гаалийн татваргүйгээр, өндөр үнээр авах жишээний.
Энэ мэт үйлдвэрлэгчдийнхээ эсрэг “босдог” төрийн энэхүү гажуудалтай тэмцэхээр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар нэгджээ. Тэд ЭМЯ, СЯ, ГЕГ, УОК зэрэг төрийн яамд, байгууллагуудад албан бичиг хүргүүлж, улмаар шүүхэд хандахаар болсон байна.
Г.Майцэцэг:
- Монгол улсад үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст тэгш боломж байна уу гэдгийг юун түрүүнд асуумаар байна. Чөлөөт зах зээлд хэн нэгэнд давуу эрх олгодог баймааргүй байна. Өөрсдөдөө зориулж журам гаргаж, хууль баталж байгаа нь үйлдвэрлэлийн салбарт нар үзүүлэхгүй байна. Энэ бол тендерт ялагдсандаа бухимдаад байгаа хэрэг огт биш. Жишээ нь, импортоор орж ирж байгаа эмнэлгийн хамгаалалтын хувцсанд НӨАТ, гаалийн татвар ногдуулдаггүй хэрнээ дотооддоо үйлдвэрлэсэн хувцсанд татвар ногдуулдаг. Энэ нь цагаан дээр хараар Монгол Улсад үйлдвэрлэл явуулахыг хориглож байна гэсэн бодлого.
Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 31-нд Коронавируст халдварын цар тахлын тухай хуульд өөрчлөлт оруулаад эм эмнэлгийн хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжөөс гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэх заалтаа хүчингүй болгочихсон. Улмаар журам гаргаж, эмнэлгийн хувцас хэрэглэл болох улавч, хамгаалалтын хувцас, маск зэрэг Монголдоо оёж, хийж болох бүтээгдэхүүнүүдийг импортоор бэлнээр нь оруулж ирвэл НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн. Энэ асуудлыг өнгөрсөн 2 сараас эхлэн гаргаж тавьсан ч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргахгүй байсаар байна. Төрийн мөнгө гэж байдаггүй, ард түмний мөнгө л гэж байдаг. Гэтэл төр нь ард түмнийхээ мөнгийг үргүй зарцуулж, хулгай хийж байна шүү дээ.
Г.Уянга:
- Цар тахалтай холбогдуулан төрийн байгууллагууд тендер зарлаагүй. Ганц нэг газар тендер зарласан ч ихэнх нь шууд худалдан авалт хийсэн. Тиймээс ЭМЯ, СЯ, ГЕГ, УОК зэрэг төрийн яамд, байгууллагуудад албан бичиг хүргүүлж, Цар тахалд зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн, хэрхэн зарцуулсан, ямар хувцас, хэрэгсэл, эм, тариа, оношлуурыг ямар үнээр худалдан авсан зэрэг мэдээллүүдийг авахаар хандаж байна. Ер нь цаашдаа тахалтай холбоотой төсөв, түүний зарцуулалтын асуудлаар шүүхэд хандана. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь хэнд ч ойлгомжтой болсон зүйл. Гагцхүү үүнийг бид баримтаар нотлох ёстой, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой.
Хамгаалалтын цагаан хувцасны асуудлаас үүдээд цар тахалтай тэмцэхэд Засгийн газар хөрөнгөө хэрхэн зарцуулсан юм бэ, ямар хууль баримталж ажилласан юм бэ, шударга байж чадсан уу гэдгийг харуулах нь олон хүнд хүлээлт үүсгэсэн асуудал гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна