Л.Оюун-Эрдэнэ: МУ-ын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэлээ

Админ
2021/12/13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн ХХК-тай хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл хийж байна.

 Л.Оюун-Эрдэнэ:

-  Рио тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайд нэр дээр албан бичиг ирж, түр хорооны гишүүдтэйгээ хамт мэдээлэл хийж байна.  Рио тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас ирүүлсэн захидалдаа “Саяхан Ерөнхий сайд болон Түр хорооны гишүүдтэй уулзалт хийсэн. Та бүхний тавьсан саналыг ТУЗ-ийн гишүүддээ танилцуулсны эцэст дараах таван арга хэмжээг авч байна.

Нэгдүгээрт, Оюутолгойн төслийн  МУ-ын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь монголчуудад хүртэх ногдол ашиг наашилж, үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай. 

Хоёрдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байгаагаа мэдэгдэж байна.

Гуравдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах,  хэрэв зөрүү үүсвэл Оюутолгой ХХК төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.


Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст буюу 4-5 сард ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.

Тавдугаарт, Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Эдгээр шийдвэрүүдийг гаргахад амаргүй байснаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдгээ илэрхийлж, УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн. Цаашид гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал Ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Энэ бол бүх зүйл өргөс авсан юм шиг шийдэгдсэн гэсэн үг биш. Сүүлийн 12 жилийн хугацаанд яригдсан асуудал зөвшилцөлд хүрч, тодорхой хэмжээний үр дүнд хүрлээ. Энэ нь дотооддоо эв нэгдлийг илэрхийлэх, гадаадад хөрөнгө оруулагчдад зөвшилцөж чадаж байна, дараа дараагийн хөрөнгө оруулалтад Монгол Улс нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн чухал алхам боллоо гэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна