“...Монгол Улс авлигын индексээр 111 дүгээр байрт бичигдэж байна. Авлигатай тэмцэхийн тулд хатуу, өршөөлгүй арга хэмжээ авч, ялын бодлогыг чангатгана. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй байх бодлого барина” хэмээн Ерөнхий сайд өдөр бүр шахам мэдэгдэж буй.
Гэтэл Монгол Улсын экспортын гол гарц болох нүүрс тээврийн Гашуун сухайт автозамыг хариуцдаг, Үндэсний баялгийн санг бий болгохоор ажиллаж буй төрийн өмчит хамгийн том компанийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар авлига албан тушаалын хэргээр ял авсан хүнийг томилсон нь Ерөнхий сайдын дээрх бодлого чиглэл нь лоозон төдий байх вий гэдэг хардлагыг төрүүлээд байна.
Саяхандаа “Нягтландаа итгэдэггүй болохоор мөнгөө өөрөө хадгалж байсан” хэмээн мэлзэж байгаад авлигын үйлдэл нь илчлэгдэхийн эрхэнд өчгөө өгч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлсэн Д.Хаянхярваа захирлын толгойлдог “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Н.Нарангэрэл нь ч мөн 2018 оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр орж, албан тушаалын хэргээр бүгд найрамдахаа уншуулж байсан түүхтэй нэгэн аж.
Түүний хэргийг сийрүүлбэл, Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкин дахь данс руу “Сургалт семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшсан байдаг.
Улмаар үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагдсан хэдий ч анх удаа гэмт хэрэг үйлдэн, гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байдлыг шүүхээс харгалзан үзэж тухайн үеийн эрүүгийн хуулийн 61.1 буюу тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
Гэтэл ял авснаас хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Д.Хаянхярваа захирлын ивээлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны даргаар томилогдож, улмаар өмнөх Санхүү эрхэлсэн дэд захирлыг талийгаач болсны дараа түүний оронд томилогдсон байна. Төрийн өмчит компанийн дэд захирлыг томилсон уг томилгоонд АТГ-аас хяналт шалгалт явуулсан эсэх нь ч эргэлзээтэй. Хэрэв үнэхээр урьдчилсан мэдүүлгийг хянасан бол гэм буруутай нь шүүхээр тогтоогдож ял авсан хүнд улсынхаа эрдэнэсийн авдрыг арай ч өгөхгүй байлтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.31
Болиочээ арай юу,шударга боловсон хүчин байж л бгааштэ,ийм новшнуудыг зайлуулаач ард түмэн босно шүү
Хариулах192.82.70.58
МАНд авилга авч хэрэгт ходбогдоогүи хүн ховор учир баирыг сольж томилохоос өөр арга үгүи болсон
Хариулах