Эмгэнэл

Админ
2022/01/17

Дамдиндоржийн ГУНГААЖАВ

/1934-2022/

Бидний хайрт аав Д.Гунгаажав нь 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр таалал төгсөн, нөхөж баршгүй гарз тохиолоо. Хань ижил үр хүүхэд, ач зээдээ нөмөр нөөлөг болсон эрхэм хайртай хүнээ алдана гэдэг юутай их гарз, уй гашууг үгээр хэлэхэд бэрх байна. Ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт аавынхаа араас бид гашуудан түүний энэ насных нь туулж өнгөрүүлсэн, хийж  бүтээсэн амьдралын түүхийг дурсан санаж, ард түмэнтэйгээ хуваалцахыг хүслээ.

Бидний аав Д.Гунгаажав 1934 онд Архангай аймагт Дамдиндоржийн хүү болон мэндэлсэн. 1942 онд тэр үеийн Хан-Оюут сумын дунд сургуульд, 1948 онд аймгийн арван жилийн сургуульд орж 1951 онд төгссөн. 1954 онд УБТЗ-ын техникумд суралцаж, 1958 онд машинч мэргэжлээр төгссөн билээ. 1958-1964 онд Улаанбаатар Депод машинчны ажил хийж амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй. 

1964 онд МУИС-д элсэн орж суралцан, 1970 онд механикч инженерийн мэргэжлээр төгсөн. 1970-1992 онд Барилгын цэргийн ерөнхий газрын үйлдвэр техникийн хэлтэст барилга машин механизмын инженер, ШУТИС-д багшаар  ажиллаж байгаад  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Насаараа эх орныхоо барилгын цэргийн салбарт хүчин зүтгэсэн чадварлаг инженер ааваараа үр хүүхдүүд, найз нөхөд, анд найзууд нь эгнэгт бахархаж явах болно.  Аавын минь Улс эх орныхоо төлөө үр бүтээлтэй ажиллаж ирсэн хөдөлмөр, зүтгэл, Монгол улсын Барилгын цэргийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж идэвхи санаачлага гарган ажилласныг төр, засаг өндрөөр үнэлж 1977 онд Монголын Ардын Армийн 50 жилийн ойн медаль, 1981 онд Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, 1983 онд Байлдааны медаль, 1988 онд Байлдааны гавьяаны одон, 2015 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм. 

Бидний аав өндөр боловсролтой, шулуун шудрага, зарчимч, эх оронч, алсын хараатай, аливаад нягт нямбай, ажилсаг хичээнгүй, хөдөлмөрч, хүнлэг сайхан сэтгэлтэй, энэрэнгүй нэгэн байлаа. Түмэндээ нэртэй, олондоо хүндтэй явсан аавын минь ухаарал, урам хайрласан үг, халуун дулаан инээмсэглэл, зааж сургасан бүхэн гэгээн дүр төрх тань бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хоногшин үлдэж дурсан санах болноо. 

Хайрт хань, халамжит аав, буянтай буурал өвөө, ах дүү, найз нөхдийнхөө өмөг түшиг, тулгуур болсон аав минь тэнгэрийн орондоо амгалан сайхан морилдоо. Үр хүүхэд бидэндээ эргэн төрөх зам мөр тань элдэв саадгүй дардан байх болтугай аав минь. 

ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, НАЙЗ НӨХӨД НЬ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна