Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул:
- Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал тун хүнд байна. Манай банкны нийт зээлийн актив 3.2 их наяд. Монголбанкнаас шалгалт хийхэд 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй гэсэн дүгнэлт гаргасан. Түүнчлэн 200 тэрбум төгрөгийн зээлийг эргэлзээтэй гэх ангилалд оруулсан.
Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк тул арга хэмжээгээ авч явж байна. Нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн. Эхнээсээ шийдвэрүүд гарч байна. Хөгжлийн банкны зүгээс ил тод, шударга ажиллах зарчмын хүрээнд чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг веб сайтдаа байршуулсан. Одоогоор банкны зүгээс зээлдэгч нараараа зээлийг нь эхнээс нь төлүүлж байна. Өнөөдөр гэхэд л 8.5 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн.
Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк. Бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнаас ялгаатай. Хадгаламж төвлөрүүлдэггүй. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүнийгээ том төсөл санхүүжүүлдэг. Гэвч олгосон зээлүүд төлөгдөхгүй байгаагаас шалтгаалж дунджаар 8 хувийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж байна. Хэрэв зээл төлөгдөхгүй явсаар байвал манай банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрнэ, энэ өр улсад шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдгээр зээлдэгчийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна гэсэн үг. Тийм учраас Хөгжлийн банкны зүгээс эдгээр чанаргүй активын эздийг зээлээ төлөхийг уриалж байна.
- Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаад өнгөрсөн хугацаанд цугласан чанаргүй актив энэ юм. Энэ хугацаанд зээлээ төлөхгүй яваад байхаар барьцаа хөрөнгийн чанар нь алдагдаж, элэгдэлд орж байна. Бид банкны хууль дүрмийн дагуу байнга үнэлгээ хийж, шинэчилж явдаг. Сүүлийн үнэлгээгээр манай нийт барьцаа хөрөнгийн 25 орчим хувь нь байхгүй болчихлоо гэх дүгнэлт гарсан. Цаасан дээрээ барьцаа мэт харагдавч бодит байдал дээр барьцаа биш болчихсон жишээнүүд их байна.
Бид барьцааг нь шууд хурааж авах хууль байхгүй болохоор заавал шүүхээр шийдвэрлэдэг. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдана, дараагаар нь ШШГЕГ дээр очно гэх мэтээр олон жилийг туулдаг. Энэ бүх хугацаанд Хөгжлийн банк гадна талд босгосон санхүүгийн эх үүсвэрийнхээ хүүгийн зардлаар алдагдал хүлээгээд яваад байгаа хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна